Монгол-Оросын Төвбанкуудын удирдлагууд хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-30 13:33:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол-Оросын Төвбанкуудын хоёр дахь  удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд болж байна.

Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Оросын Төв банкны Дэд Ерөнхийлөгч А.П.Торшина,  ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К Азизова  болон бусад албаны хүмүүс оролцож буй юм.

Уулзалтаар Монгол Улсын гадаад худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, ОХУ-ын Банкны салбарын өнөөгийн байдал ба хөгжил, Монгол дахь өнөөгийн макро эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын боломж, хамтын ажиллагаа, Монголын Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлогын талаар талууд санал солилцож байна.

Мөн хоёр орны хоорондын худалдааны санхүүжилт, төлбөр тооцооны нөхцлийг сайжруулах зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн  үеэр хоёр орны арилжааны банкуудын төлөөлөл уулзаж салбарын талаар санал солилцов.

Хоёр орны Төв банкуудын анхдугаар  уулзалт 2015 онд ОХУ-ын Москва хотод болсон бөгөөд Монголбанк, ОХУ-ын Төв банктай “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл” байгуулах асуудлаар,  Хоёр улсын арилжааны банкуудын хамтын ажиллагааг дэмжин, тэдгээрийг хамруулсан дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах боломжийг судлахаар болсон.

Түүнчлэн банк хоорондын хил дамнасан төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, ОХУ-ын хилийн ойролцоох арилжааны банкуудаас бэлэн рубль импортлох боломжийг Монголын банкуудад олгох талаар байр сууриа илэрхийлж байжээ.
Б.Заяа
相关新闻