Дэлхийн яруу найрагчид Монголд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
164@montsame.mn
2017-07-04 19:10:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын соёл, яруу найргийн академи нь дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны 8 дугаар сарын 16-22-нд  Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна.
Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд "Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх агуулгын дор Дэлхийн яруу найрагчдын 37 дугаарр их хурал Улаанбаатар хотод, Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам” сэдвийн дор зохион байгуулна.
Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газар жил бүр уламжлал болгон тэмдэглэх бөгөөд сая сая уншигчтай дэлхийн зохиолч, яруу найрагчид Монгол орны тухай төсөөллөө бодит болгож, Монголын түүх, соёл, байгаль, ард түмний тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлүүлж Монгол орны тухай олон улсад таниулан сурталчлах өндөр ач холбогдолтой Соёлын, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох юм.
Дэлхийн яруу найрагчдын наадамд хүлээн зөвшөөрөгдсөн утга зохиол, соёлын байгууллагууд болон Дэлхийн Урлаг соёлын академи, Европын яруу найргийн академи, Олон улсын Пен байгууллага, зохиолч уран бүтээлчдийг дэмждэг сан, хэвлэлийн газруудын төлөөлөгч, орчуулагчид оролцох юм. Монголын уран зохиолч, яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюуны зах зээлд өрсөлдөх сайхан боломжийг  нээж өгч байна.
Одоогийн байдлаар дэлхийн 40-өөд орны 200 орчим яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, уран бүтээлч оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал Норвегийн Вангийн яруу найргийн зөвлөх, нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч, Нобелийн шагналт Висенти Александрийн шавь Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөө цагийн соён гэгээрүүлэгч, Франц Кафкагийн шагналт,  гүн ухаантан, Тайваны яруу найрагч Юй Си, Казакстан Улсын хөдөлмөрийн баатар, суут яруу найрагч Олжас Сулемейнов зэрэг алдартай найрагчид ирнэ.
Израйлын яруу найрагч, профессор, дэлхийн хамгийн урт шилэн гүүрийн загварыг зохиосон дэлхийд алдартай архитектурч Хайм Дотан, Филиппиний соёлын нэрт зүтгэлтэн, Фукуокогийн Азийн соёлын шагналт, нэрт кино найруулагч Кидлэт Тахимик, Аргентины яруу найрагч, нэрт физикч, Нобелийн энх тайвны шагналт Эрнесто Кахан,Европын яруу найргийн Академийн удирдах зөвлөлийн гишүүн, Унгарын т, нэрт яруу найрагч Иштван Турцы, АНУ-ын "Чивителла Райнери" сангийн ерөнхий захирал, зураач, соёлын менежер Дана Прескот, Дэлхийн Урлаг соёлын академийн ерөнхийлөгч, Францын яруу найрагч Маурус Ян, Мексикийн яруу найрагч Мария Соберанис, Унгарын Ерөнхий сайдын соёлын зөвлөх Гиза Чөкс зэрэг алдартнууд ирнэ.
Монголын уран зохиолын алдар суутнууд болох XIX зууны Монголын суут зохиолч, яруу найрагч В.Инжиннашийн 180, их зохиолч Д.Нацагдоржийн 111, Б.Явуухулангийн 88, Г.Сэр-Одын 100, Ч.Лхамсүрэнгийн 100, Ч.Чимэдийн 90, М.Цэдэндоржийн 85, Д.Гомбожавын 85,  Д.Нямсүрэнгийн 70, О.Дашбалбарын 60  насны тэгш ой тохиож буй энэ онцлог жилд энэхүү соёлын томоохон үйл явдал Монголд анх удаагаа болж буйг дуулгахад таатай байна. Дэлхийн яруу найргийн өдрүүдийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын соёл, яруу найргийн академи ажиллах бөгөөд хамтран зохион байгуулагчаар Монголын Урлагийн зөвлөл, Дорноговь аймгийн ЗДТГ, Нью Жуулчин ХХК, Данзанравжаа сан, Монголын Зохиолчдын эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын холбоо ажиллана. "Моннис Интернэйшнл" ХХК, БСШУЯ, ГХЯ, "Туушин зочид буудал" ХХК, СУИС, Мандал даатгал болон "Ану энд Ти" ХХК дэмжин хамтран ажиллаж байна.

Ж.Батсайхан
相关新闻