Н.Батцэрэг: Үйлдвэржүүлэх бодлогоо баталсан нь яах аргагүй том амжилт
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс хаврын чуулганыг хэрхэн үнэлж цэгнэж байгааг тодруулав.
-Хаврын чуулган хэр амжилттай хуралдав. Алдаа нь юу байв, оноо нь юу байв?
-Бид олон жил үйлдвэржилтийн бодлого, аж үйлдвэрийн парк гэж ярьсан боловч хэрэгжүүлэх төрийн нэгдсэн бодлогогүй явж ирсэн. Эхлээд Аж үйлдвэрийн яамаа байгуулсан. Дараагаар аж үйлдвэржүүлэх бодлогынхоо үзэл баримтлалыг гаргаж тавьсан явдал бол яах аргагүй том амжилт байсан. Энэ мэт цаг үеэ олсон олон чухал хуулийг хэлэлцсэн. Замын хөдөлгөөний тухай хууль гэхэд маш том хууль шүү дээ. Аливаа улс орныг харья, шинжие, нийгмийнх нь хөгжлийн дундаж байдлыг мэдье гэвэл замын хөдөлгөөнд нь ороод үз гэдэг шүү дээ. Сая баталсан хууль хариуцлагыг нэлээд чангатгасан хууль болсон.
УИХ-ын дарга чуулганыг хааж хэлэхдээ “Бидний хүлээлт илүү том байсан” гэж хэлсэн байгаа. Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг яах аргагүй гаргах хэрэгтэй байсан. Төрөө цэгцлэх хэрэгтэй байна. Сонгууль болгоноор маргадаг, шударга бусаараа дуудалцдаг, сонгуулиас сонгуулийн хооронд эмзэг орчин бий болоод байгааг арилгах хэрэгтэй. Намрын чуулганаар тус хуулийг батлах нь зүйтэй юм. Улстөрийн намуудын нэр хүнд маш их унаж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлож гаргаж ирэх хэрэгтэй. Улстөрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулах цаг нь яалтгүй болсон.
-Чуулганыг үр дүнг цөөн үгээр дүнгэвэл та юу хэлэх вэ?
-Хаврын чуулганыг товчоор дүгнэж хэлэхэд, парламентын улс төрийн амьдрал бол цаг үе, нийгмийнхээ тусгал байдаг. Эдийн засаг саараад, хямралын шинжтэй болчихсон, төсвийн орлого дутуу дулимаг болчихсон ийм үед УИХ-д суудалтай бүх нам, эвсэл нийлж Засгийн газраа байгуулсан. Энэ явц дотроо шийдэж чадсан асуудал ч байна, чадаагүй нь ч байна. Шийдэж чадаагүй асуудлын нэг бол АН МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн явдал юм. Иймэрхүү улс төрийн өрнөлтэй чуулган болж өндөрлөлөө.
-Тавантолгойн гэрээг хаврын чуулганаар хэлэлцэх бололцоотой байсан уу?
-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад, гаргасан дүгнэлтийнх нь дагуу Засгийн газар төслөө татаж авсан гэсэн ойлголттой байгаа. Ер нь бол УИХ-д албан ёсоор орж ирж, Их хурлын аль нэг бүтэц хэлэлцээгүй шүү дээ. Аль нэг бүтэц хэлэлцээгүй үед чуулганаар бол хэлэлцэх боломжгүй гэдэг нь тодорхой асуудал юм.
Б.Туул
注释