Говь компанийн цэвэр ашиг 3.4 тэрбум төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-30 17:56:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "Говь" ХК  энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа  олон нийтэд нээлттэй танилцууллаа.

“Говь” ХК нь 100 хувь ноолууран пальтоны үйлдвэрлэл болон борлуулалтаараа Дэлхийд №1 болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тайлант хугацаанд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өсч 33.9 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 7 хувиар өсч 3.4 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлт гарчээ.

 Эхний хагас жилд Эрээн болон Брюссель хотуудад нэрийн дэлгүүрээ амжилттай нээж, гадаад зах зээлээ тэлэв. Өөрийн онлайн худалдааны сайттай (www.gobicashmere.com) болсон бөгөөд дэлхийн хаанаас ч “Говь” брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болсныг танилцуулав.  Мөн эхний хагас жилд оёмолын шинэ үйлдвэрийн нээлтээ хийж, оёмолын нийт хоёр үйлдвэртэй болсноор жилд 100 мянган ширхэг ноолууран пальто үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

"Говь" ХК нь цаашид гадаад зах зээл дээрх “Говь” брэндийн нэрийн дэлгүүр болон франчайзингийн стратегийг газар зүйн бүс болон зах зээл бүрийн онцлогт тохируулан боловсруулан хэрэгжүүлж, 2021 он гэхэд гадаад зах зээл дэх дэлгүүрийн тоог 100-д хүргэж,  нэрийн 20 дэлгүүртэй болохыг зорин ажиллаж байгаагаа тодотголоо.
 Б.Заяа
相关新闻