Сувилахуйн боловсрол, удирдлага манлайллын чиглэлээр олон улсын эрдэмтэд чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-09-21 12:12:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Сувилахуйн сургуулиийн уламжлалт Олон улсын хурал өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ.
Сувилахуйн олон улсын хурлыг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд  энэ удаагийн 4 дэх хурлыг “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвийн дор болж байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус олон улсын хурлыг бодлогын түвшинд асуудлыг хөндөж байгаа гэдгээрээ онцлогтой.
Энэ удаагийн хуралд АНУ, Австрали, Англи, БНСУ, Япон, ОХУ, Монголын эрдэмтэн,судлаачид нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилахуйн боловсрол, удирдлага манлайлал болон нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж байна. Хуралд гадаад, дотоодын нэр хүнд бүхий сургууль, байгууллагуудын эрдэмтэн профессорууд, монголын томоохон эмнэлгүүд, 21 аймгаас ирсэн нийт 500 гаруй сувилагч,  зочид төлөөлөгч чуулж байгаа юм.



Монгол Улсын Эрүүл мэндийн тэр дундаа сувилахуйн салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй эрдэмтэд, судлаач, сувилагч болон оюутнууд нэгдэн чуулж буй нь орчин үеийн сувилахуйн шинжлэх ухаан хөгжсөн бусад улс орны эрдэмтэн судлаачидтай мэргэжил, мэдлэг, менежментийн туршлага солилцож цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ гарцыг нээж өгөх чухал ач холбогдолтой. 
Энэхүү олон улсын хуралд оролцогчдод АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрбээр, “Манай сургуулиас 4 дэх удаагаа зохион байгуулж байгаа энэ хуралд Америк, Австрали, Англи, БНСУ, Япон, Орос, Монгол зэрэг улсын эрдэмтэн судлаач нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилахуйн боловсрол, удирдлага манлайлал болон нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж байгаад таатай байна. Тус хуралд гадаад, дотоодын нэр хүнд бүхий сургууль, байгууллагуудын эрдэмтэн профессорууд болон манай улсын 500 гаруй сувилагч, зочид төлөөлөгч иржээ.Энэ удаагийн хурал АШУҮИС-ийн үүсэн байгууллагдсаны 75 жилийн ойн баяртай давхцаж байгаа бөгөөд эрхэм төлөөлөгч та бүхэнд энэ түүхт ойн баярын мэндийг хүргэж, сувилахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд тань арвин их амжилтыг хүсэн ерөөе” гэлээ.
Д.Өлзий 
相关新闻