Арилжааны банкууд дампуурлаа зарлах хэмжээнд хүрээгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-10 13:13:03

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол банкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэгдэж байгаа ба инфляцийг энэ оны эцэст 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд барихаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Арилжааны банкууд зээл олгохоо болилоо. Эдийн засаг үүнийгээ дагаад агшиж байна. Ингээд яваад байх уу, эсвэл эдийн засгаа тэлж хөгжих үү. Өнөөдөр банкуудын байдал ямар байна вэ” гэсэн асуудлыг тодруулахад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, “Арилжааны банкуудын зээл олгох чадвар буурсаар байгаа. Нэг жилийн хугацаанд арилжааны банкуудын чанаргүй зээл өссөн. Гэхдээ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй буюу дампуурлын ирмэгт хүрсэн тухай яриа байнгын хорооны түвшинд яригдаагүй” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Нэг хүнд ноогдох өр зээлийн хэмжээгээрээ манай улс дэлхийд эхний тавд ороод ирлээ. Энэ нь Монголбанк мөнгөний бодлогоо зөв зүйтэй хэрэгжүүлэхгүй байгаагийн илрэл юм. Мөнгөний бодлогоо 3-5 жилээр төлөвлөдөг улс орнууд байдаг юм байна. Жил бүр ингэж мөнгөний бодлогоо худлаа төлөвлөх хэрэг байна уу. Монголбанк өнөөдөр эдийн засгийг зөөлөн газардуулж байна гэж байгаа. Амьдрал дээр хүнд газардуулга болж байгаа шүү” гэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, “Мөнгөний бодлого бүрэн хэрэгжиж чадахгүй байна гэж хэлсэнтэй санал нэг байна. Юунаас болж хэрэгжихгүй байгааг судлаачид олон талаас нь дүгнэж ярьдаг. Монголбанк мөнгөний бодлогоо УИХ-аар ярьж батлуулсан байхад Засгийн газар хэрэгжилтийг нь хангуулж ажиллах хэрэгтэй байна. Удаан хугацаагаар мөнгөний бодлогоо төлөвлөе гэдэг асуудал байнгын хороон дээр яригдаагүй” хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг төсвийн нэгдмэл байдлыг хангахын зэрэгцээ төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй гэсэн бол үг хэлсэн олонх гишүүд төсөв-мөнгөний бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай гэдгийг онцолж байв. Гишүүд асуулт асуусны дараа байнгын хорооноос гаргасан санал хураалт явуулах гэсэн ч цайны цаг болсон тул үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Чуулган үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлэн хуралдана.

Б.Туул

 

 

 

相关新闻