М.Уранцэцэг Ташкентын Гран при-д түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекстаны нийслэл Ташкент хотноо өчигдөр /2017.10.06/ жүдо бөхийн Гран при тэмцээн эхэлж манай жүдочдоос энэ өдөр зургаан бөх барилдсанаас гурав нь медаль хүртжээ.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн мөнгөн медаль, түүний жинд ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль тус тус хүртжээ. “Ташкент-2017” Гран при-д 15 орны 139 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас найман жүдоч хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг ОХУ, Унгарын бөхчүүдийг дараалан цэвэр ялсан. Улмаар аваргын төлөө Сербийн Милица Николичийг иппон үнэлгээгээр буулган авснаар Гран При-гийн алтан медалийн эзэн болов.
Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн эхний тойрогт Узбекстаны Азамат Матякубовыг хоёр вазаригаар, хэсгийн аваргын төлөө Словений Андраз Жеребийг вазаригаар, хагас шигшээд Киргизийн Артур Тэг даралтаар цэвэр ялсан. Ингээд аваргын төлөөх барилдаанд Беларусийн Дмитрий Минкод ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Мөн энэ жинд ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт Азербайжаны бөхийг ялсан ч дараагийн тойрогт Узбекистаны Сардор Нурилаевт нэмэлт цагт ялагдсан. Улмаар дагах барилдаанд Бельгийн бөхийг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болж, хүрлийн төлөөх барилдаанд Киргизийн Артур Тэг ялж хүрэл медаль хүртжээ.
Д.Өлзий