Алтайн хязгаар мужийнхан мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-07 13:38:56
Улаанбаатар/ МОНЦАМЭ/. “Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалт”-аар Монгол Улс  мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Тиймээс тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт бизнесийнхэн төвлөрч байна.

Тус уулзалтад ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга тэргүүтэй найман компанийн 10 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн иржээ. Тэд манай бизнесийнхэнтэй гурван өдрийн туршид уулзаж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх юм байна.

Өнөөдрийн уулзалтаар манай талаас “Цагаан нуур” чөлөөт бүсийн талаар танилцуулга хийсэн юм. Монголын баруун бүс нутгийн эрчимтэй хөгжлийн нэг гарц болох “Цагааннуур” чөлөөт бүс нь олон улсын худалдаа, тээврийн зангилаа төв болно гэдгээрээ онцлогтой. “Цагааннуур” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулсан бөгөөд худалдаа, тээвэр ложистикийн төв байгуулах, байгалийн хий боловсруулах, хуванцар эдлэлийн түүхий эд полиэтилений үйлдвэрлэл болон нефтийн түүхий эд импортлон боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байгааг танилцуулав. Улмаар тус чөлөөт бүсэд мах боловсруулах үйлдвэр, мах хадгалах зоорь, консерв үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Алтайн хязгаар мужийн хувд Баян-Өлгий, Ховд аймгуудтай хил залгаа, дөт учир хоёр талын компаниуд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг албаныхан онцлов.

Дээрх өдрүүдэд хоёр талын бизнес эрхлэгчдийн дунд  дугуй ширээний болон ганцаарчилсан уулзалтууд өрнөх бөгөөд Алтайн хязгаар мужаас чацарганы шүүс, чацарганы тос, цахилгаан эрчим хүч, дулаан, халуун, хүйтэн усны узель, төмөр замын тээвэрлэлт, хөдөө аж ахуйн техник, үр тариа, будаа, гурил, малын тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд танилцуулга хийх юм байна.



МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш ярихдаа, “Хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож, үйл ажиллагааны хүрээг тэлэх боломжийг өнөөдрийн уулзалт олгож байна. “Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалт”-аар чөлөөт бүсийн өнөөгийн байдал, экспорт, импортын боломж, бүртгэл, хяналт, хорио цээр, эрүүл ахуй, гааль, татвар, хууль эрхзүйн орчин зэрэг сэдвийн хүрээнд талууд санал солилцоно. Энэ удаагийн уулзалтад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн компаниуд түлхүү ирсэн байна. Алтайн хязгаар муж бол сайн чанарын буудай, гурил үйлдвэрлэлээрээ ОХУ-д тэргүүлдэг. Тухайлбал “Алейка” гурилын үйлдвэрийнхэн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжөө танилцуулах юм. Манай улсын хувьд энэ жил ган гачгаас болж ургац нилээн алдсан. Тиймээс ОХУ-аас 200 гаруй мянган тонн улаан буудай авах хэлцэл хийгээд байгаа. Энэ дагуу улаан буудай импортоор оруулж ирэх квот авсан манай аж ахуйн нэгжүүдтэй Оросын тал холбоо тогтоох юм. Харин Алтайн хязгаар мужийнхан манайхаас арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн, нөөцөлсөн мах худалдан авах  сонирхолтой байна. Хоёр улсын Засгийн газрын түвшинд хил гаалийн хүндрэлийг багасгах,  мал эмнэлгийн хорио цээрийн асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатайг талууд онцоллоо” гэв.

Мөн үеэр манай бизнесийнхэн ОХУ бол манай стратегийн түнш орон. Энэ утгаараа бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Гол нь ОХУ-ын хил гаалийн хүнд суртал, тарифын болон тарифын бус бэрхшээлүүдийг багасгачихвал оросын зах зээлд бид бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой гэдгийг тодотгосон юм.

Өнөөдөр Алтайн хязгаар мужийн бизнес эрхлэгчид манай 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй  уулзах юм байна.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻