Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-11 09:09:08
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг энэ сарын 14 хүртэл хүлээн авна. Иргэнд 10 сая, нөхөрлөл, хоршоонд 15 хүртэлх сая төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгох ажээ.
Иймд ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй иргэд уг зээлд хамрагдахыг хүсвэл дээрх хугацаанд багтаж хүсэлтээ ирүүлэх хэрэгтэй хэмээн Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн хэллээ.
Уг зээлд хамрагдахын тулд тогтмол үйл ажиллагаа явуулдаг, жижиг, дунд үйлдвэрлэгчээр бүртгэгдсэн, хугацаа хэтэрсэн зээлгүй, шаардлагатай үед зээлийг төлөх батлан даагчтай байх гэсэн шалгуур тавьжээ. Мөн Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсанаар ямар зорилгод хүрэх гэж байгаагаа тодорхой бичсэн байх ёстой гэнэ.
Уг зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөл, хоршооны үйлдвэрлэлийг өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор олгодог юм. 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻