Дөрвөлжин сумын эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-15 17:47:20

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин суманд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлэх нь”  нэртэй төслийг хэрэгжүүлээд зургаан сар болж байна. Энэхүү төслийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдэд зориулан Монголын эмэгтэйчүүдийн сан /МОНЭС/-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, CEDAW-WATCH болон Цэцбилэгт үйлс ТББ, МСНЭ-ийн Завхан дахь салбар хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй "Баян Айраг эксплорэйшн" ХХК-ийн үйл ажиллагааг хариуцлагажуулах, сум орон нутаг, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод болгох, орон нутгийн эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах чиглэлээр нэгдэж өөрсдийн санал санаачилга дуу хоолойг илэрхийлэх боломжийг олгож тэднийг бүлэг болгон чадавхжуулж байгаа  ажээ.

“Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлэх нь” төслийн үр шимийг Дөрвөлжин сумын 500 орчим эмэгтэйчүүд хүртээд байна. Харин төслийн хоёр дахь шатанд төслийн эхний шатанд сонгогдсон Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл болох малчин, төрийн байгууллагын ажилтан, төрийн байгууллагад шийдвэр гаргах түвшинд ажилладаг эмэгтэйчүүд сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч эмэгтэйчүүд гэхчлэн 20 эмэгтэй хоёр бүлэгт хуваагдан төсөлтэй хамтран ажиллаж байна.
Эдгээр 20 эмэгтэй нь төслийн үр шимийг хүртэж орон нутагтаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд санал нэмэрлэх, хамтран оролцох, уул уурхайн компани болон сумын ЗДТГ, шийдвэр гаргах түвшинд хамтран хяналт тавьж оролцож эхэлжээ. Төслийн хүрээнд орон нутгийн эмэгтэйчүүд байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн яаж нэмэгдүүлэх, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль /хэрэгжилт, хэрхэн мэдээлэл авах журам/, Эрдэс баялгын талаарх эрх зүйн зохицуулалт, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах, /Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль/, Иргэдийн оролцоо нөлөөлөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Соёлын биет ба биет бус өв гэж юу вэ? /хадгалалт, хамгаалалт, нөхөн олговор/, Орон нутаг дахь соёлын биет ба биет бус өвийн хадгалалт хамгаалалтын талаарх судалгаа, мэдээлэл гээд олон талын ойлголт мэдлэгтэй болжээ.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа тайлан тавиагүй гэв

Төслийн дэмжлэгээр Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдийн бүлэг ТББ-ууд хамтран Дөрвөлжин сумын ЗДТГ, "Баян Айраг эксплорэйшн" ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, биелэлт, хэр үр дүнтэй байгаа талаарх үнэлгээг өгч төслийн зүгээс зөвлөмж гаргажээ.
Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ хийх багийн бүрэлдэхүүнд Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд болон орон нутгийн ТББ-ын төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр гэрээний заалт бүрийг нарийвчлан авч хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна. "Баян Айраг эксплорэйшн" ХХК, Дөрвөлжин сумын ЗДТГ хамтран хамтын ажиллагааны гэрээг 2013 оны 10-р сарын 15-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан ба 2015 оны 1 сарын 7-ны өдөр гэрээний хугацааг дуусгавар болсон хугацаанаас нөхөн  сунгахаар гэрээ сунгах хавсралт гэрээг байгуулсан байна.  Уг гэрээг байгуулагдахаас өмнө Дөрвөлжин сумын нөлөөллийн бүс нутаг болох Цогт багтай "Баян Айраг Эксплорейшн" ХХК нь 2013 оны 8 сарын 29-ний өдөр гэрээг байгуулсан байна.  Ашигт малтмалын тухай хуулийн 42-зүйлийг  “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгуулагатай гэрээ байгуулан ажиллах, гэснийг үндэс болгон төслийн талбайд хамрагдаж байгаа гол нөлөөлийн бүсийн иргэдтэй харилцан шийдвэрт хүрэх зорилгоор Засаг дарга аман итгэмжлэлээр эрхээ шилжүүлснээр Цогт багтай гэрээг анх байгуулж дараа нь нутгийн захиргааны байгуулагатай гэрээг  байгуулсан байна. Энэхүү гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагаас сумын байгаль орчныг хамгаалах, уурхайг ашиглах, үйлдвэр байгуулахтай хобогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хүн ам байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг стандартад заасан хамгийн бага хэмжээнд байлгах, нөлөөлөлд өртсөн айл өрх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх,компанийн үйл ажиллагааны эдийн засгийн эрхийг хүндэтгэж, тогтвортой тасралтгүй , хэвийн байдлыг хангаж орон нутгийн удирдлага, иргэд компанийн хооронд ил тод шударга, нээлттэй байх, гэрээг хэрэгжүүлэхдээ тэгш оролцоотой байх, шударга ёсыг сахих, харилцан ашигтай нээлттэй байх, шударгаар сахин биелүүлэхээр зорилгодоо тусгажээ. Гэрээнд байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалт хийх, дэд бүтэц, нийгмийн асуудлын талаар  хэрэгжүүлэх ажлуудыг гурван гол хэсэг болгож оруулсан байна. Гэрээнд үнэлгээ өгөх ажлын үеэр хамтын ажиллагааны гэрээний талаар орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд  огт мэдэхгүй байгаа ба орон нутгийн засаг захиргааны байгууллага болон  компанийн зүгээс  гэрээний зорилго, ач холбогдлын талаарх танилцуулга уулзалтыг нэг ч удаа зохион байгуулаагүй ба өнөөг хүртэл огт гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй. Иргэд эмэгтэйчүүд гэрээний хэрэгжилтийн талаарх ойлголтгүйгээс иргэдийн идэвхи,  оролцоо, хандлага  сул байна.
Дээрх гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх тал дээр сум орон нутгийн зүгээс санаачилга гаргаагүй ба Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 222-р  тогтоол, аймгийн ЗДТГ-ын 2013 оны 3/299 тоотыг үндэслэн  ОҮИТБ-ын санаачилгын дэд зөвлөлийг сумын Засаг даргын захирамжаар байгуулсан боловч уг дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа гишүүд болон орон нутгийн иргэд энэ талаарх огт мэдээлэлгүй байжээ. Мөн Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах сумын дэд зөвлөл  зөвхөн цаасан дээр хэлбэржиж хүлээсэн үүргээ биелүүлэх, олон нийтэд нээлттэй мэдээллэх  тал дээр ямарч ажил хийгдээгүй байна. Хамтын ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргээгүй гэрээний хэрэгжилтийн талаарх иргэдийн ойлголт огт байхгүй байна.
Байгаль орчны нөхөн сэргээлт хийгддэг эсэх, тэнд иргэдийн оролцоотой хяналт хийгдсэн тайлан мэдээлэл олдохгүй байгаа ба зөвхөн ашиглагч компанийн мэдээллээр л асуудалд ханддаг байна хэмээн төслийн баг, эмэгтэйчүүдийн бүлэг үнэлсэн байна.

Баян Дөрвөлжингийн өгөөж ТББ-ын үйл ажиллагааг иргэд огт мэдэхгүй байв


Сумдын иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх “ Баян-Дөрвөлжингийн өгөөж” ТББ-ыг Дөрвөлжин сум байгуулж  сумын Засаг даргаас эрх олгосныг үндэслэн Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хэдий ч энэхүү ТББ-ын мэдээлэл, тайлан нийтэд ил тод биш байгааг эмэгтэйчүүд үнэлгээний үеэр мэдээллэв.
Тодруулбал Баян Дөрвөлжингийн өгөөж ТББ нь Дөрвөлжин сумаас “ Баянайраг” ХХК-тай байгуулсан  хамтын ажиллагааны гэрээний Засаг даргаас эрх олгогдсон, байгаль орчны чиглэлээрх үүргийн биелэлтэнд хяналт тавих, хамгаалах, экологийн боловсрол олгох, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлуудад төдийлөн ач холбогдол өгөөгүй байна. Мөн Байгаль орчныг нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан  нь ил тод нээлттэй бус иргэдэд мэдээлэл хүрээгүй, иргэд эмэгтэйчүүдийн энэ талаарх ойлголт мэдээлэл байхгүй, зөвхөн сумын мэргэжлийн хүмүүсийн хүрээнд л мэдээлэл байдаг байна.  Тус  ТББ –ын үйл ажиллагааны мэдээлэл сумын иргэд эмэгтэйчүүдийн ойлголт мэдээлэл өрөөсгөл , компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Дөрвөлжин сумд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн гүйцэтгэх ажлын дараалал, төслөөс гарах үр дүн, хэрэгжүүлэх дараалал төсвийн тооцооллыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргэснээр тухайн онд компаниас сумын хөгжилд оруулах санхүүжилтийг л Баян Дөрвөлжингийн өгөөж ТББ-аар дамжуулан авдаг байжээ. Харин хяналт оролцоог ТББ-аар дамжуулан дорвитой ажил хийгдээгүй байгаа талаарх мэдээллийг төслийн зүгээс өглөө. Гэрээний хугацаанд Дөрвөлжин сум нь Баян Дөрвөлжингийн өгөөж ТББ-аар дамжуулан сумын хөгжлийн хөтөлбөрт 100,0 сая, Буга, Буурал, Таван толгой, Онц багуудыг хөгжүүлэх зорилгоор тус бүр 10,0 сая төгрөгийг 2014 оноос  тус тус  хуваарилан авч ажиллаж байна.
Дөрвөлжин сумд эмэгтэйчүүдийн нөлөөлөл чадавхийг бэхжүүлэх сургалтын үеэр Баянайраг эксплорэйшн ХХК нь Дөрвөлжин сумын ЗДТГ*-тай хийсэн 2013-2015 оны гэрээний тайлангаа өгчээ.
Баянайраг эксплорэйшн ХХК -ийн тайлан, гэрээний хэрэгжилтийн тайлангийн хурлаас харахад тус компани нь байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болох эрсдлийг, хамгийн бага түвшинд байлгах, нутгийн эко системийг алдагдуулахгүйгээр нөхөн сэргээх үйл ажиллагааг  хэрэгжүүлж ихээхэн хэмжээний ажил хийсэн хэмээн танилцуулжээ. Харин төслийн хүрээнд иргэдээс авсан судалгаа, нүүр тулсан ярилцлагаар  орон нутгийн иргэд төдийлөн сайн үнэлгээ өгөхгүй байна. Тус компани нь хамтын ажиллагааны гэрээгээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар  хүлээсэн орон нутагт тайлагнах мэдээ тайланг нутгийн захиргааны байгууллагын мэргэжлийн хүмүүсд хугацаанд нь хүргэдэг боловч  иргэдийг мэдээлэлжүүлэх, байгаль орчны талаар хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, нөхөн сэргээлтээр хийгдсэн ажлуудыг иргэдээр үнэлүүлж, тэдний санал бодлыг тусгах тал дээр хангалтгүй ажиллаж байна гэдгийг төслийн баг, зорилтот бүлгийн эмэгтэйчүүд дүгнэжээ.  
Дашрамд Баян Айраг эксплорэйшн ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 1.5 тэрбум төгрөг зарцуулж 2013-2015 оны хооронд Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдтай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд бүтээн байгуулалт, сумын хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө 870 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.
Мөн орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчдээс 4.4 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авсан тухайгаа 2013-2015 оны Тогтвортой байдлын тайландаа өгүүлжээ. Мөн компанийн ил тод байдлыг хангаж ажиллах чиглэлээр компанийхаа үйл ажиллагааны талаар иргэдийг мэдээлэлжүүлэх, тэдэнтэй нүүр тулсан уулзалт хийж санал зөвлөмжийг нь сонсож үйл ажиллагаандаа тусгах үүднээс Дөрвөлжин Эрдэнэхайрхан сумдад жил бүр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Тус өдөрлөгөөр компанийн мэргэжлийн хэлтсүүд тус тусын үйл ажиллагаандаа хэрэглэдэг багаж хэрэгслүүдийг биетээр танилцуулдаг.  Нээлттэй хаалганы өдөрлөгт 2013-2015 онд 400 гаруй иргэдэд мэдээлэл өгсөн тухайгаа мөн тайландаа өгүүлжээ. Харин орон нутгийн иргэдийн төслийн хүрээнд явуулсан судалгааны 80 гаруй орчим хувь нь мэдээлэл хаалттай гэж дуулгасан байна.
 

Натрийн цианид нь хортой, аюултай бодисын ангилалд ордог


Орон нутгийн иргэд цианид гэж ямар бодис болох талаарх ойлголт мэдлэггүйн улмаас уул уурхайн компанийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа энэхүү химийн бодисыг хэрэглүүлэхгүй, хориглох хэрэгтэйг төслийн сургалтын үеэр хэлж байв. Тиймээс  цианид хэмээх энэхүү химийн бодис чухам ямар бодис болох талаарх мэдээллийг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Оросоотой уулзаж тодрууллаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цианид гэж ямар бодисыг хэлэх вэ?
-Цианид гэж нүүрстөрөгчийн нэг атом азотын нэг атомтой гурвалсан холбоогоор холбогдоход үүсэх цианидын бүлгийг (C N) агуулсан ямар нэг химийн бодисыг хэлнэ. Цианидын нэгдлүүд нь органик биш, органик гэсэн хоёр хэсгээс бүрддэг.  Органик биш нэгдэд НCN –цианид устөрөгч (синилийн хүчил), NaCN –натрийн цианид, KAg(CN)2 – калийн мөнгөний цианид гэх мэт. Органик нэгдэлд: (CH3)2C(OH)CN –метилацетонитрил, C62H88(CN)CoN13O14P– циано кобальтамин (Витамин В12) г.м багтдаг.
-Тэгвэл Дөрвөлжин сумд үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК маань ямар цианидыг хэрэглэдэг юм бол?
-Баян Айргийн хувьд натрийн цианидыг уул уурхайн үйлдвэрлэлд ашигладаг.  Натрийн цианид гэж цагаан өнгөтэй, хатуу талст бодис юм.  Сул бүйлсийн үнэртэй, хатуу төлөвтөө үнэргүй,  чийгтэй үед циант устөрөгчийн (HCN) үнэр гарна.  Хайлах температур  5630С, буцлах температур 14960С, нягт 1,60 г/см3, ууршимтгай  биш, циант устөрөгчийн уурын даралт 0,941, хүйтэн усанд сайн уусна ( 58 г/100 мл (20°C-д).  Энэ бодис маань тогтвортой байдал ба урвалын идэвхийн хувьд тогтвортой, хэт халах, чийг болон хамт хадгалж болохгүй бодистой харилцан үйлчлэх үед задардаг.  Исэлдүүлэгч бодис, хүчил, чийгтэй хамт хадгалж болохгүй, хөнгөн цагааныг зэврүүлнэ, шилийг зэврүүлэхгүй, шатамхай биш, гэвч хүчилтэй үйлчлэлцэхэд маш шатамхай циант устөрөгч CNH (синилийн хүчил) үүсгэдэг.  Харин урвалын идэвхийн хувьд  фтор, магни, азотын хүчил, нитрат, нитритийн давснуудтай хүчтэй урвалд орно. Хүчил, хүчлийн уур, ус, усны уур, хүчлийн давсууд, хлоратууд, нитратуудтай үйлчилвэл аюултай!  Энэ үед онцгой хортой, шатамхай  циант устөрөгч HCN үүсгэнэ.  Агаар дахь CO2 –той харилцан үйлчилж  циант устөрөгч HCN буюу /синилийн хүчил/ үүсгэж болно. Натрийн цианидын уусмалын рН= 10-аас доош болоход задарч цианид устөрөгч буюу синилийн хүчлийг ялгаруулах аюултай тул  рН= 11-т бариулж байх ёстой юм.
-Цианид хаанаас үүсдэг вэ?
-Зориудын бус үүсэлт гэж байдаг. Энэ нь биомассыг шатаах, галт уулын дэлбэрэлт, биологийн зарим процесс (ястай жимснүүд, чихрийн нишин г.м), хог хаягдал шатаах (хуванцар), тамхи татах (шүүлтүүргүй 1 ширхэг тамхинаас 500 мкг, шүүлтүүртэй тамхинаас 100 мкг HCN), автомашины хөдөлгүүр (катализаторгүй хөдөлгүүртэй машин нэг км явахад 7-9мг/км, катализатортай машин 0.6 мг/км HCN) гэх зэргээс үүсдэг. Харин үйлдвэрлэлд энэ бодисыг алт ялгах процесс, металлыг бүрэх, өнгөлөхөд хэрэглэж байна.
-Натрийн цианидын аюулгүй ажиллагаа гэж юу вэ?
-Натрийн цианид нь хортой, аюултай бодисын ангилалд ордог. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан  Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтдаг. 
Арьс салст, амьсгалах, залгих замаар хордуулдаг. Хувийн хамгаалах хэрэгсэлийг тогтмол хэрэглэж, ажлын байранд битүү систем, агааржуулалтын систем (агаар сорох яндан эсвэл агааржуулагч), суурин болон зөөврийн цианидын детектортой байх шаардлагатай байдаг.
-Ажлын байран дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь хэд байдаг юм бол?
-Ажлын байран дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) = 5 мг/м3. Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун = 25мг/м3 байдаг. Цианидын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээ гэж бий. Мөн Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. MNS 5850: 2008. Хөрсний органик биш (хүнд металл) бохирдуулагч  бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (мг/кг) хэмжигдэнэ.  Хөрсний органик биш (хүнд металл) бохирдуулагч бодисуудын хортой болон аюултай агууламж (мг/кг).   Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ ч гэж бий.  Техникийн ерөнхий шаардлага. MNS 5885: 2008.   Мөн Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ. MNS 900: 2010 стандартаар нийт цианид (CN) - 0,01 мг/л байна. Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус нь  Ерөнхий шаардлага. MNS 4943:2011, Нийт цианид (CN) - 0,05 мг/л.  Усны чанарт газрын доорхи усыг бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ. MNS 6148:2010.  Нийт цианид (CN) - 0,1 мг/л байна.
-Цианидын хэрэглээ ер нь ямар байдаг вэ?
-Цианид бол үйлдвэрлэлд хэрэгцээтэй химийн бодис ба түүний гол үүрэг нь алт гаргаж авах явдал байдаг.
1887 онд анх Шинэ Зеландад уурхайд хэрэглэснээс хойш натрийн цианид нь дэлхий даяар хүдрээс алт болон мөнгө, зэс, цайр гэх мэт бусад металыг гаргахад гол үүрэг гүйцэтгэх болсон байна.  Дэлхий нийтээр хэрэглэж байгаа нийт үйлдвэрлэсэн цианидын 20 хувь нь алтны хүдэр боловсруулахад, 80 хувь нь хуванцар (акрил, нейлон), эм үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах (кофег кофеингүйжүүлэх, хоолны давсыг харлахаас хамгаалах), металлыг бүрэх, хатаахад цианидыг хэрэглэж байна. Манай Монгол улсын хувьд цианид натрийг хүдрийг боловсруулахад Говь-Алтай, Дорнод, Завхан зэрэг аймгуудад уул уурхайн салбарт ашиглаж байна.  Харин манай аймгийн Дөрвөлжин сумын Цогт багт үйл ажиллагаа явуулж буй Баян-Айраг эксплорейшн ХХК нь нуруулдсан хүдрээс үнэт металлыг уусгаж авахад уусмал байдлаар цианид натрийг хэрэглэдэг. 
-Химийн бодис ашиглах зөвшөөрлийг хаанаас өгдөг юм бол?
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг авдаг.
Тусгай зөвшөөрлийг жилийн хугацаатай олгодог бөгөөд  тус зөвшөөрөлд ашиглах бодисын хэмжээг зааж өгдөг.
Дөрвөлжин сумд үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК-ийн хувьд 2016 онд цианидыг хэрэглэх зөвшөөрлийн хэмжээ 350 тонно байснаас 298 тонныг хэрэглэсэн байна.  Энэ жилийн буюу 2017 онд тусгай зөвшөөрөлд  410 тонныг хэрэглэх зөвшөөрөл авсанаас  өнөөдрийн байдлаар 328 тонныг хэрэглэсэн байна.
-Энэхүү химийн бодисыг тээвэрлэхэд мэдээж тусгай журмын дагуу тээвэрлэдэг байх? Баян Айраг компаний хувьд?
-Натрийн цианидын тээвэрлэлтийг Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хяналт, тогтоосон маршрутын дагуу хийдэг. Баян-Айраг компаний хувьд Улаанбаатраас Өвөрхангай аймгийн Арвайхээр хот-Баянхонгор аймгийн Баянхонгор хот-Говь-Алтай аймгийн Алтай хот-Ховд аймгийн Ховд хот-Завхан аймгийн Дөрвөлжин сум-Баян Айраг уурхай нийт/1850км/ гэсэн дараалалтай тээвэрлэлтийг хийж байгаа.  Энэ жил буюу 2017 онд гурван удаа тээвэрлэлт хийхээр төлөвлөсөн байна.
-Натрийн цаианид алдагдсан тохиолдолд ямар арга хэмжээг авах вэ?
-Натрийн цаинид нь энгийн нөхцөлд усанд уусах чанар сайтай, тогтвортой бодис боловч агаарт задарч синилийн хүчил үүсгэдэг.  Натрийн цаинид нь исэлдүүлэгч бодис, хүчил, устай урвалд ордог учраас эдгээр бодисоос тусад нь хадгалах шаардлагатай.  Газрын гадаргууд алдагдсан тохиолдолд хийж буй ажлаа зогсоох, ойр орчмын аюулгүй газар луу шилжих, аюулын бүсэд байгаа бусад хүмүүст яаралтай мэдэгдэх ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй.  Шатах, тэсрэх, гал цахилгааны эрсдэлтэй бүх эх үүсвэрийг холдуулах ялангуяа тамхи татах, ил гал гаргахыг хатуу хориглоно.  Алдагдлыг зогсоож ууршилтыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно.
Уурыг багасгах буюу уурын хуримтлагдсан мананг арилгахад бороожуулсан ус ашиглана. Саармагжуулах бодис ашиглан хоргүйжүүлнэ. Бага хэмжээтэй алдагдсан тохиолдолд хуурай шороо, элс болон шатамхай бус материалаар дарах буюу бүтээж цааш тархах, бороонд норохоос сэргийлдэг байгаа.

 Хайрханы хөндийн газар доорхи усанд байнгын хяналт тавьж ажиллаж байгаа

Дөрвөлжин сумд үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК нь газрын доорхи усыг ашиглаж байгаа билээ. Тиймээс энэ талаар Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа Газар доорх усны нөөц хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, Гидрогеологич инженер Б.Банзрагчаас тодруулга авлаа. 
-Сайн байна уу? Газар доорх ус гэж юу бэ?
-Газрын гадаргаас доош чулуулгийн нүх сүв, ан цавт оршиж буй усыг газар доорх ус гэж ойлгож болно. Газрын доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр юм. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц, түүний боломжоос шууд хамаардаг.  Гадаргын ус байхгүй газруудад малчид худгаас усаа авч ашигладаг, мөн газар тариалангийн усалгаанд, уул уурхай болон үйлдвэрүүд нь үйл ажиллагаандаа газрын доорх усыг өргөнөөр ашиглаж байна.  Газрын доорх ус чанарын хувьд ч ундны усны баталгаатай эх үүсвэр болдог. Өнөөдөр Монгол улсын хүн амын 95 хувь нь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь нь гадаргын ус ашигладаг байна. Газрын доорх усыг худаг гарган авч ашигладаг ба зарим газарт булгийн усыг бас авч ашиглаж байна. Харин Завхан аймгийн тухайд газрын доорхи усныхаа .. хувийг ашиглаж байна.
-Газрын доорхи усны нөөц гэж юу юм бол?
- Юуны өмнө газрын доорхи ус нөхөн сэргээгдэхүү үгүй юу гэдэг дээр тайлбар өгье. Нөхөн сэргээгддэг нөөц гэж жил бүр хур тундасын нэвчилт, гадаргын усны нэвчилт шүүрэлт, хажуугийн урсацын нөлөөгөөр дахин бүрэлдэх боломжтой усны хэмжээг хэлнэ. Нөхөн сэргээгддэг нөөц, байгалийн нөөц баялаг гэдэг адил утгатай. Газрын доорх усны нөхөн сэргээгддэггүй нөөц гэж хур тундасын нэвчилт, хажуугийн урсацаас тэжээгдэх боломжгүй газрын доорх усны хуримтлалыг хэлнэ.  Нөөц нь нөхөн сэргээгддэггүй газрын доорх усыг дарагдмал ус гэж нэрлэж болно. Газрын доорх усны ашиглаж болох боломжит нөөц гэж газрын доорх усны нөхөн сэргээгдэх ба нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээг хэлнэ.  Ашиглаж болох боломжит нөөц нь ус агуулагч бүрдэл, бүс, үеийн зузаан, тархсан талбай, төрөл (нүх сүвэрхэг, ан цавлаг) зэргээс хамааралтай бөгөөд нөхөн сэргээгддэг нөөц болон нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээгээр тодорхойлогддог.   Газар доорх ус маш удаан хугацаанд нөхөн сэргэдэг. Тухайн газар нутгийн онцлог, уур амьсгал, хур тундасны хэмжээнээс хамаарч харилцан адаилгүй хугацаанд нөхөн сэргэдэг байгаа.
-Баян-айраг ХХК-нь газрын доорхи усыг ашиглаж байгаа. Энэ ус нөхөн сэргээгдэх нөөц үү? Өнөөдөр тус компани хичнээн м3 усыг ямар зөвшөөрлөөр ашиглаж байна бэ?
-Завхан айтгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй Баян-айраг эксплорэйшн ХХК нь Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаатай 2017 онд 280,018 м3 усыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрханы хөндийн газар доорх уснаас ашиглахаар гэрээ байгуулан ашиглаж байна. Энэ хөндийн газар доорхи усны нөөц бол нөхөн сэргээгдэх усны нөөц юм.
-Хэдэн жил ус ашиглаж байна вэ?
-Хайрханы хөндийн газар доорх уснаас 2013 оноос ус ашиглаж байгаа. 
-Усны логер суурилуулсан гэсэн.  Ямар үр дүн гарч байна бэ?
-Хайрханы хөндийн газар доорх усны нөөцөд хяналт тавих зорилгоор  бүрэн автомат  хяналтын цооног байгуулан хяналтыг хийж байна. Цооногт зургаан цаг тутам автоматаар хэмжилт хийгдэж мэдээлэл ирдэг. Үр дүн маш сайн байгаа.  Хайрханы хөндийн газар доорх усанд байнгын хяналт тавих боломжтой болсон гэсэн үг. Өнөөдрийн байдлаар усны түвшин эрс буусан үзүүлэлт гараагүй. Ус ашиглалт тодорхой хэмжилтийн дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно.

Б.Мягмарсүрэн 

相关新闻