“Ай Түүлс” компанийн хувьцааны ханш 132.25 төгрөг болж өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-18 15:22:57
Улаанбаатар/МОНЦАМАЭ/. Хөрөнгийн биржид “Ай Түүлс” компанийн хувьцааны ханш хоёр өдөр дараалан хамгийн өндөр буюу 15 хувийн өсөлт үзүүлэв. Энэхүү өсөлт тус компанийн нэгж хувьцааны ханшийг  132.25 төгрөгт хүргэв.

"Ай Түүлс"  компани нийт хувьцааныхаа 38.8 хувийг олон нийтэд санал болгосноор 13.3 сая ширхэг хувьцаа тус бүрийг 100 төгрөгөөр үнэлж, 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө босгохоор IPO гаргасан. Анхдагч зах зээлийн арилжааны захиалгад 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож 40 сая ширхэг үнэт цаасны захиалга  авч  нийлүүлэлтээс гурав дахин давсан юм. Захиалгын эрэлтийг даган хувьцааны ханш өсч буйг дээрх тоо баримт илтгэж байна. Тус компани  хөрөнгө оруулалтыг 4-5 жилийн хугацаанд нөхөх төлөвлөгөөтэй ажиллаж буй аж. Эхний өдрийн арилжаагаар "Ай Түүлс" компани нийт 34 мянга гаруй ширхэг хувьцааг дөрвөн сая төгрөгөөр арилжжээ.

Мэдээллийн технологийн салбарт Хөрөнгийн Биржээс босгож буй анхны хөрөнгө оруулалт болох эл IPO амжилттай болвол мэдээллийн технологийн компаниуд хөрөнгийн зах зээлд орох боломж нээгдэнэ хэмээн Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байсан юм. "Ай Түүлс" ХК зургаан жилийн туршид интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлжээ.
 Б.Заяа
相关新闻