Монгол Улс 70 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлыг дотооддоо үйлдвэрлэдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-22 17:31:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс жилдээ 330 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Үүний 30 орчим хувь буюу 70 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлыг дотооддоо үйлдвэрлэж байна хэмээн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ.

Хүн амын өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд тодорхой нөлөө үзүүлдэг сав, баглаа боодлын талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсныг мэргэжилтнүүд тодотгож байна. 

Салбарын яамнаас хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр таван зорилтот төслийг боловсруулжээ.

Түүнчлэн МХЕГ-аас хийсэн судалгаагаар “Нарантуул” худалдааны төвд борлуулж буй зориулалтын  бус хуванцар саванд хонуулсан усны дээжид хийсэн химийн бодис, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээгээр аммиакийн агууламж төвлөрсөн сүлжээний усан дахь агууламжаас 48, төмөр 2, нитрит 11 дахин их гарчээ.

Тиймээс цаашид хуванцар хуучин сав худалдаалахыг хориглох, хүнсний зориулалтын сав баглааг шинжлэх лабораторийн хүчин чадлыг сайжруулах, савнаас хүнсэнд шилжих шилжилтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартчилах зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг салбарынхан онцолж байна.

Манай улс хуванцар болон хуванцарын гаралтай савнуудыг БНХАУ, БНСУ, АНУ, Польш, ОХУ, ХБНГУ, Вьетнам, Япон, Австрали, Итали, Их Британи зэрэг улсаас импортолж буй бөгөөд үүний 97.1 хувийг БНХАУ-аас оруулж ирдэг байна.

Зориулалтын савны үйлдвэрлэл, хангамж хүрэлцээгүй, чанар болон үнийн хувьд өрсөлдөх чадвар сул байгаагаас шалтгаалан нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай, 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор ашигладаг болохыг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ.
Б.Заяа

相关新闻