Засаг дарга Д.Галсандондогийг огцруулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-06 13:46:15
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын V хуралдаан өчигдөр шөнөжингөө хуралдаж, үүрээр 4 цаг 30 минутад өндөрлөв. Аймгийн ИТХ-ын V хуралдааны үеэр хэлэлцэх асуудлын зургаа дугаарт Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн санал хураалтаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болов.
Уг хуралдаанд 41 төлөөлөгч оролцохоос 39 төлөөлөгч оролцож, санал өгсөн бөгөөд 2 төлөөлөгчийн саналын хуудас хүчингүй болж, 37 төлөөлөгчийн 19 төлөөлөгч нь аймгийн Засаг даргыг огцруулах саналыг дэмжиж, 18 төлөөлөгч татгалзсан санал өгсөн байна. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 18.1г, 19 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт, аймгийн ИТХ-ын V хуралдааны тооллогын комиссын 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 51,4 хувийн саналаар огцруулж, аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хурлын тогтоолын төслийг хүргүүлж, шийдвэрлүүлэхээр боллоо.
Санал хураалтын тооллогын коммисоор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Болдбаатараар ахлуулсан таван төлөөлөгч ажилласан юм.
                                                                                                                                А.Бямбасүрэн
相关新闻