ОХУ-аас гурил импортлох боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-13 16:31:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилээс Засгийн газраас аж ахуй нэгжүүдэд стратегийн хүнс импортлох зөвшөөрөл олгоогүйн улмаас тус аймагт гурилын үнэ 28,8 хувиар өсөөд байсан юм. Албаны хүний тайлбарласнаар үнийн өсөлтөд Улаанбаатар хотоос гурил тээвэрлэх тээврийн зардал нөлөөлсөн ажээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагын зүгээс Цагааннуурын боомтоор дамжуулан ОХУ-аас 12000 тонн гурил импортлох хүсэлтийг холбогдох тооцоо, судалгаатай хамт ХХААХҮЯ-нд өнгөрсөн сарын сүүлээр хүргүүлжээ. Гэвч Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс саяхан гаргасан 02 тоот зөвлөмжид зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн гурилаар хэрэгцээгээ хангах тухай заасан тул ОХУ-аас гурил импортлох зөвшөөрөл олгох боломжгүй болжээ гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад, өнөөдөр тус аймагт нэгдүгээр зэргийн 1 кг гурилын үнэ 960 төг байгаа бөгөөд 2015 оныхоос 100, 2016 оныхоос 86 төгрөгөөр тус тус өссөн байна.  


Ө.Нурболат

相关新闻