Төрийн мэргэшсэн албан хаагчдаа түшиж ажиллахыг захив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Төвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай буюу Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болорыг томилох тухай тогтоолыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан.
Б.Болор гишүүн нь 1997 онд Бельгийн вант улсын Европын Их сургууль, 2012 онд ШУТИСургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 1997-2000 онд Төрийн өмчит “НИК” компанийн гадаад харилцааны мэргэжилтэн, 2001-2006 онд “Гарьд Тур” ХХКомпанийн ерөнхий захирал, 2006-2008 онд “Тиара Монголиа” төслийн удирдагч, 2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байв.
Б.Болор 2012 оны УИХ-ын 6 дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2014 оны 12 дугаар сараас УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. 2011 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Бизнесийн ухааны магистр цолтой. Англи, орос, франц хэлтэй юм.
Б.Болор гишүүн нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлж, танхимын зарчмаар ажиллах чадвартай. Мөн удирдан зохион байгуулах чадвар өндөр тул Сангийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байна хэмээн Ерөнхий сайд танилцуулсан.
Нэр дэвшигч болон Ерөнхий сайдаас асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, Төсвийн орлого их хэмжээгээр тасарч, 2015 оны эцсээр 1 их наяд төгрөгт хүрэх магадлалтай байна. Энэ бол эдийн засгийн хямралын шинж тэмдэг юм. Манайхан хямрал үүсч байна гэж ярьдаг хэдий ч тухайн үед нь хэрхэн яаж ажиллахаа мэддэггүй. Төсвийн орлогод тааруулж, зарлагаа төлөвлөх ажил Сангийн сайдын толгой дээр бууна. Орлогогүй байхад төлөвлөсөн зардлаа бүгдийг нь гаргахаар зүтгээд байвал маш том “нүхэнд” унана. Тиймээс энэ бүхнийг нарийн мэдэрч ажиллах хэрэгтэй. Төсвийн байнгын хороо ч энэ ажилд тань туслах болно. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төрийн мэргэшсэн албан хаагчид танд л түшиг болно. Тиймээс томилогдоод л халаа сэлгээ хийх бус мэргэшсэн албан хаагчдаа түшиж ажиллах нь зөв.” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
注释