Цасан шуурганаар малтайгаа уруудсан хоёр иргэнийг олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны иргэн А, Х нар цасан шуурганы улмаас энэ сарын 3-ны өдөр оройн 20:00 цаг орчимд тосгоны төвөөс баруун урд зүгт 35 км-д орших Талын толгой хэмээх газраас 1000 гаруй толгой малтайгаа урууджээ.
Энэ талаар Цагааннуур тосгоны захирагч Д.Есболат аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 23:34 цагт мэдээлсэн байна.
Тосгоны захирагчийн шийдвэрээр тосгоны ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 11 хүн, 2 нэгж техниктэй бүрэлдэхүүн эрлийн ажлыг зохион байгуулж, 4-ний өдөрт шилжих шөнө анх уруудсан цэгээс 13 км газар буюу хилийн бүсээс хоёр иргэнийг малтайгаа хамт эсэн мэнд олжээ.
Иргэдийн эрүүл мэндэд аюул учраагүй, биеийн байдал нь сайн байгаа бөгөөд 20 орчим толгой малын хорогдол гарсан байна.
Ө.Нурболат