М.Мөнхбаатар: Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж "Эрдэнэт"-ийн асуудлыг хүчээр шийдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-05 16:08:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Засгийн газар ээлжит бус хурал зарлаж  “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь  төрийн өмч болсныг зарласан. Тэгвэл  "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг  эзэмшиж байсан "Монголын зэс" корпорациас  “Монгол нюьс” мэдээллийн төвд дөнгөж сая мэдээлэл хийлээ.

"Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар ярихдаа, "Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа  манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээллээ.  Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд үнэндээ бид улстөрийн золиос болов гэсэн дүгнэлтэд хүрч байна. 
Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Засгийн газрын зарим гишүүдийн ярьж байгаачлан манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас худалдаж авсан үйл ажиллагаа хууль бус юм бол   шалгах  эрх нь тэдэнд нээлттэй байгаа. Үндсэн хуулийн цэц дээр маргаан ид явж байхад Засгийн газар хоёр ч удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргасанд үнэхээр  гайхаж байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу  Засгийн газар нь хуулиа мөрдөж ажиллах  үүрэгтэй. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтийг удаа дараа  тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлт байсан. Гэтэл хүч түрэн асуудлыг нэг талд шийдлээ. 


"Монголын зэс" корпораци Хятад, ОХУ, Казахстаны компаниудтай өрсөлдөж 49 хувийг Монголын талд авчирсан. Үүнийг маш олон талаас нь гуйвууллаа. Ц.Нямдорж сайдын ярьж байгаа 5 сая ам.доллар бол дэнчин байсан шүү. Хардлага сэрдлэгээр л хандаж байгаа болохоос биш бодит байдалтай танилцах ажил өрнөөгүй.  49 хувийг монголын талд авчирснаар маш олон үр дүн гарсан. Тухайлбал 2016 онд “Эрдэнэт” үйлдвэрт нэг тендер зарлагдсан бол 2017 онд  500 гаруй тендер зарлав. Энэ бол Монголын хууль тогтоомжийн хүрээнд ажилласаны үр дүн. Улмаар 15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан төдийгүй ажиллагсад он солигдох мөчид хүн тус бүр 500 мянган төгрөг авсан. Түүнчлэн өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэр улсад төлөх татвар 4 дахин  нэмэгдлээ. 40 жилд хийгээгүй ажлыг  49 хувийн тал өрнүүлэхээр зэхэж байсан.  Тухайлбал 98 мянган хүн амтай Эрдэнэт хотод  300 метр бүхий  гэрэлт хотыг бид  байгуулсан. Жилд 3-4 сургууль барина гэсэн төлөвлөгөөтэй байсан ч үүнийг хүчээр дарлаа. Дээд шүүхийн шийдвэр болон  үндсэн хуулийг Засгийн газар уландаа гишгэж зөрчсөнийг ойлгохгүй байна. Шийдвэр гарсан талаарх албан бичиг бидэнд одоо ч ирээгүй байна" хэмээв.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ДЭЭДЭЛЖ  АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЁСТОЙ

"Монголын зэс корпораци" ХХК-ийн өмгөөлөгч Батбаяр,  "51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпораци хуулийн өмнө харилцан тэгш эрх эдлэх ёстой. Тэр сайд нарын ярьж байгаа шиг Засгийн газар "Монголын зэс” корпорацийн хооронд ямар нэгэн хэлцэл өрнөөгүй. Энэ үйл явцыг дүгнэхэд хувийн хэвшлийнхний эрхийг ноцтой зөрчлөө. Тиймээс "Монголын зэс" корпорацид  иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах бүрэн эрх бий" гэлээ.

УЛСТӨРИЙН АМЛАЛТ БИЕЛҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ ГЭЖ ХАРЖ БОЛОХООР БАЙНА

"Монголын зэс корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, "Өчигдрийн шийдвэрийн цаад ухагдахуун нь улстөрийн амлалт биелүүлэх үйлдэл гэж харж болохоор байна.  Энэ нь эргээд жирийн иргэдэд хор хөнөөлтэй. Дээд шүүхийн тогтоолыг Засгийн газрын тогтоолоор залруулж хүчингүй болгож байгаа үйлдлийг хууль бус гэдгийг хүн бүр ойлгоно.  Харамсалтай нь эрх мэдэлтнүүд нэг талын байр суурийг хэтэрхий барьсаар шийдвэр гаргалаа хэмээв.

Тэрээр цаашид хэрхэх вэ гэсэн асуултад, Олон улсын арбитрын байгууллагад хандах нөхцөл байдал үүсч байна гэсэн юм.

Б.Заяа


相关新闻