Сурагч Ж.Батима, О.Эрдэмбаяр нар “Forte & Piano” улсын VI уралдаанд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-05 23:26:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төгөлдөр хуур сонирхон суралцагч хүүхэд багачуудын уралдааныг "Найрамдал" урлагийн зааланд өнөөдөр зохион байгууллаа.

Уралдаанд нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн 15 сурагч оролцов. Онооны дүнгээр 8-12 насны ангилалд Заид сургуулийн 6 дугаар ангийн сурагч Ж.Батима, 12-оос дээш насны ангилалд  Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Эрдэмбаяр нар тэргүүн байр эзэлж, ирэх сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах  "Forte & Piano" улсын VI дугаар уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.

Удаах байруудад 8-12 насны ангилалд Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн сурагч Т.Аймөлдир, нэгдүгээр бага сургуулийн сурагч Т.Елик, 12-оос дээш насны ангилалд Эмпати сургуулийн сурагч Т.Айдана, гуравдугаар бүрэн дунд сургуулийн сурагч Ж.Лашын нар тус тус шалгарлаа.

Энэ удаагийн уралдаан нь Монголын Хүүхдийн Ордны түүхт 60 жилийн ойн ажлын хүрээнд зохион багуулагдаж байгаагаараа онцлогтой ажээ.

Ө.Нурболат

相关新闻