МСҮТ-ийн 25 төгсөгч ажлын байрны урилга хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Зайтины нэрэмжит Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 192 оюутан өчигдөр сургуулиа төгсөн, мэргэжлийн болон бүрэн дунд боловсролын үнэмлэхээ гардан авлаа.
Оюутнууд барилгын өрөг угсрагч, засал чимэглэл, сантехник, мужаан, цахилгаанчин, бетон арматурчин, гагнуурчин, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан зэрэг 12 чиглэлээр мэргэжил эзэмшсэн аж. Үүнээс 25 оюутан "Кыз жасауы" оёдлын үйлдвэр, "Бесик" ХХК, "Шугыла", "Гомбо" авто засварын газар зэрэг байгууллагуудаас ажлын байрны урилга хүлээн авчээ. Мөн төгсөлтийн баярын арга хэмжээнд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байраар хангах, зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд хамруулан тоног төхөөрөмж худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн нь 1967 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан 160/170 тоот тогтоолоор Барилгын техник мэргэжлийн сургууль байгуулагдсан бөгөөд 2017-2018 хичээлийн жилд 750 оюутан мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшиж байгаа юм.
Ө.Нурболат