Багш нарын "Спортын их наадам"-д Сагсай сумын баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-08 13:56:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ болон  Боловсрол, соёл урлагийн газраас Засгийн газрын 2009 оны "Нийтийн биеийн тамир, спортын талаар авах арга хэмжээний тухай" 5 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, багш нарын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын тэргүүний баг хамт олон бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн багш нарын анхдугаар "Спортын наадам" өчигдөр өндөрлөлөө.

Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, 100 буудалт даам, тогызкумалах, олс таталт зэрэг спортын долоон төрлөөр гурван өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээнд тус аймгийн 13 сум, 1 тосгоны ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний нийлбэр дүнгээр Сагсай сумын бүрэн дунд сургуулийн баг нэгдүгээр байр, Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургууль хоёрдугаар байр, хоёрдугаар бүрэн дунд сургууль гуравдугаар байр, гуравдугаар бүрэн дунд сургууль дөрөвдүгээр байр, Толбо сумын бүрэн дунд сургуулийн баг тусгай байрт тус тус шалгарлаа.  

Тэмцээний хаалтын ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, тамирчдад шагнал гардуулж, уг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсныг уламжиллаа.

Ө.Нурболат

相关新闻