Өлгий сумын дөрөвдүгээр багт цэвэр усны шугам татна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт 1,3 км цэвэр усны магистраль шугам татахаар болж, аймгийн Орон нутгийн өмчийн газраас тендер зарлажээ.
Нийт төсөвт өртөг нь 200 сая төгрөг бөгөөд салбарын сайдын багцаас санхүүжүүлэх аж.
Тус баг нь Өлгий сумын томоохон багуудын нэгд тооцогддог, 3158 хүн ам, 707 өрхтэй юм. Энэ багт хүн ам шигүү суурьшсан, хөрсний бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ундны ус хамгийн тулгамдсан асуудал болоод удаж байгаа ажээ.
Уг ажлын тендерийг энэ сарын 11-ний өдөр нээх бөгөөд шалгарсан компани ирэх хавраас газар шорооны ажлаа эхлүүлэн ондоо багтааж ашиглалтад өгөхөөр тооцоолсон байна.
Ө.Нурболат