Баян-Өлгий аймгийн хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн хүүхдийн томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн бүх хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ сарын 10-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл түр зогсоолоо.
Уг тушаалыг аймгийн Засаг даргын хүсэлтийг үндэслэн гаргасан аж. Учир нь энэ сарын 8-ны өдөр Өлгий сумын 19 хүүхдийн цэцэрлэгт хийсэн ирцийн тандалт судалгаагаар цэцэрлэгт хамрагдвал зохих хүүхдүүдийн зөвхөн 31 хувь нь ирсэн бөгөөд 43,8 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн, 16.8 хувь нь цаг агаар нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэгтээ ирж чадахгүй байгаа нь тогтоогджээ.
Иймд аймгийн удирдлагууд томуугийн дэгдэлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох яамд санал хүргүүлж, арга хэмжээ авсан байна.
Ө.Нурболат