Ольга Савран:Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс ангид байлгах нь чухал
МОНГОЛЫН МЭДЭЭТөв Ази, Зүүн Европын Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд үнэлгээ хийжээ. Энэ талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас танилцууллаа.
Төв Ази, Зүүн Европын Авлигын эсрэг сүлжээний гишүүн орнуудад авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг ижил түвшний мэргэжилтнүүд Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг боловсруулан гаргажээ.
Ингэхдээ тус сүлжээнээс баталсан авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монгол Улсын авлигын эсрэг санаачилга, бодлого ямар байна вэ гэдгийг үнэлсэн байна. Монгол улсын хувьд хууль эрхзүйн орчин сайжирсан ч цаашид хэрэгжүүлэх тогтолцоонд анхаарч “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-тэй болох шаардлагатай гэдгийг зөвлөв.
Төв Ази, Зүүн Европын орнуудын Авлигын эсрэг сүлжээний менежер Ольга Савран хэлэхдээ, “Уул уурхайн баялагтай Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил хурдацтай өсөхийн зэрэгцээ засаглал, авлигыг дэвэргэх нэг нөхцөл болж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Монгол Улс авлигатай тэмцэх хууль тогтоомждоо шинэчлэл хийж, улс төр дахь авлигатай тэмцэх үйл ажиллагааг тэргүүний асуудлаа болгох хэрэгтэй. Авлигын гэмт хэрэгт ял хүлээхээс чөлөөлөгдөх хамгаалалт болж, АТГ-т шалгагдаж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэхүйц Өршөөлийн хууль батлахаас татгалзах шаардлагатайг Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээнээс уриалж байна. Өөрөөр хэлбэл өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсаар байвал Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа зогсч, хэрэг хэрэгсэхгүй болно. Ингэснээр авлигын гэмт хэрэгт хариуцлага хүлээхгүй, ялаас мултрах боломжтой гэсэн сөрөг мэдээллийг нийгэмд хүргэх юм. Түүнчлэн улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг яаралтай шинэчилж хяналт тавих, төрийн албаны зөвлөлийг улс төрөөс ангид байлгаж, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг шинэчлэх нь зүйтэй” гэлээ.
Мөн үеэр Монгол Улсад бизнес дэх шударга байдлыг бий болгох нь чухал. Тиймээс АТГ-аас соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахад анхаарснаар авлигаас сэргийлнэ гэдгийг албаныхан онцлов.
Төв Ази, Зүүн Европын орнуудын Авлигын эсрэг сүлжээнээс авлигатай тэмцэх үндэсний стратегийг цаг алдалгүй баталж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохицуулах өндөр түвшний механизмыг бий болгох шаардлагатай хэмээн тодотголоо.
Б.Заяа