Нийл Сакер: Монгол Улс хувь хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-12 11:23:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах дунд болон урт хугацааны бодлого боловсруулах зорилгоор “Улаанбаатар зөвшилцөл” төслийг Монголбанк боловсруулжээ. Энэхүү төсөлд банкууд, санхүүгийн салбарын мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгах зорилгоор өнөөдөр Монголбанкнаас хэлэлцүүлэг зохион байгуулав.

Энэхүү төсөл нь  Монгол орны онцлог, өндөр хөгжилтэй орнуудын туршлагад тулгуурласан 8 суурь зарчимтай байх бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход төрөөс хийх томоохон ажлуудыг тусгасан гэдгийг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир хэллээ.

Тэрбээр, “Улаанбаатар зөвшилцөл” төсөлд авлигын асуудлыг шийдвэрлэх, инновацид тулгуурласан шилдэг технологиудыг нэвтрүүлэх, байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах оновчтой бодлого боловсруулах зэргийг тусгасан. Монголд эдийн засгийг хөгжүүлэх олон бодлого гаргадаг ч улс төрийн нөлөөнөөс үүдэн төдийлөн хэрэгжиж чаддаггүй. Одоо боловсруулах бодлого улс төрийн нөлөөллөөс үл хамаарсан Монгол төрийн тогтвортой бодлого байх ёстой” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер, “Монгол Улс төсвийн зохистой бодлого барих ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар уул уурхай болон бусад салбараас олж буй орлогоо дэд бүтэц болон хувь хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа нэмэх хэрэгтэй. Хүний хөгжил буюу иргэдийн боловсролыг дээшлүүлэх нь туйлын чухал. Ингэснээр боловсролтой иргэд олон салбарт үйл ажиллагаа явуулж, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх гарц болох юм. Түүнчлэн валютын ханшийн бодлогоо уян хатан байлгах ёстой. Ингэснээр валютын ханшаас үүдэлтэй аливаа хүндрэлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс шударга бөгөөд олон төрөлт татварын системтэй байх ёстой. Ингэснээр орлогын ялгааг арилах юм. Ерөнхийдөө өнөөдөр танилцуулж буй төсөлд энэ бүхнийг тусгасан байна. Тиймээс бид энэ төслийг хэрэгжүүлэхийг дэмжих болно” гэлээ.
 
Мөн МҮХАТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Монгол Улсын эдийн засаг харьцангуй сэргэж байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг хүндрэлд орох гол шалтгаан нь том мөнгө буюу бонд, мөнгө хэвлэх зэргээр бий болгосон хөрөнгөө зөв зарцуулаагүйтэй холбоотой. Одоо ОУВС-гаас авч буй дэмжлэг зөв хэрэгжиж байгаа нь олон нийтийн хяналт дор явж байгаатай холбоотой. Одоо бий болж буй эдийн засгийн өсөлтийг аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх, микро эдийн засгийг сайжруулахад зарцуулах хэрэгтэй” гэв.

 
 
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал, дүгнэлтийг "Улаанбаатар зөвшилцөл" төсөлд тусган шийдвэр гаргагчдад хүргүүлэх аж.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻