83 настай буурал захирлын хамт олон Улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-12 13:33:38
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Моностойн нуруу” ХХК-ийн хамт олон  Монгол Улсын аварга тариаланч хамт олон боллоо. Өдгөө 83 насны сүүдэр зооглож буй азай буурал захирал Б.Пүрэвжав гуайн хамт олон ийнхүү эрхэм хүндтэй шагналын эзэд болж байна. Буурал захирлын удирдаж яваа  “Моностойн нуруу” ХХК  түүний үр хүүхэд, ач, гуч, зээ, зээнцэрээс үе дамжин үргэлжлүүлэн авч явж байгаа удам залгасан, гэр бүлийн хөдөлмөрч түмний хамт олноос бүрдсэн баг юм.
Б.Пүрэвжав гуай “газар тариалангийн тэр тусмаа үр тарианы үйлдвэрлэл эрхэлж яваа хүмүүс бол буянт үйлсийн эзэд юм. Яагаад гэвэл монгол хүн бүрийн хүнсэндээ хэрэглэж байгаа талхны түүхий эд болох гурилыг бид үйлдвэрлэж байна. Иймээс Монголын ард түмнийг бүхэлд нь хүнстэй байлгадаг эрхэм үйлсийн эзэд бол бид юм шүү” хэмээн хэллээ. САА-н даргаас эдүгээ компанийн захирал хүртэл 60 гаруй жил удирдах албан тушаалд ажиллаж байгаа буурал захирал үр хүүхдээ өвлүүлэн газар тариалангийн салбарт хүчийг нь сорьж явна. Тус хамт олон өнөөдөр 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үндсэн 12 ажилчинтай. Сүүлийн жилүүдэд АНУ-аас өндөр хүчин чадалтай трактор бүхий үрлэгч, үр тариа хураах комбайн, чиргүүл дүүжин машинуудыг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч ашиглаж байгаа гэнэ. Мөн тариалах технологийг цаг хугацаанд нь чанартай сайн хийж гүйцэтгэснээр өнгөрсөн жил 850 га талбайд улаанбуудай тариалж, гантай үеийг үл ажран нэгж га-гаас 15.3 цн буюу 1300 тн ургац хураан авчээ. Мөн сүүлийн жилүүдэд 700-850 га-д тариалалт хийж, жилд дунджаар 1200-1800 тн улаанбуудай үйлдвэрлэж, 830-850 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа ажээ. Тус компанийн хамгийн гол ололт нь хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах техник технологийг амжилттай нэвтрүүлэн ОХУ, АНУ, Канадын техник төхөөрөмжүүдэр техникийн шинэчлэл  хийжээ. Үүний зэрэгцээ үйлчилгээний машин, ажилчдын зөөврийн сууцыг шинэчлэн тохижуулж, хавар, намрын улиралд 8-10 хүнийг нэмэлт ажлын байранд хүлээн авдаг байна.
Буурал тариаланчийн эрхэм шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга Н.Хурц нар гардуулан өглөө.
Ч.Отгонцэцэг
相关新闻