Алтай сум аймгийн "Тэргүүний сум"-аар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сум өнгөрсөн оны ажлын үр дүн, амжилтаараа Цагаан сарын баярын босгон дээр аймгийн "Тэргүүний сум"-аар шалгарлаа.
Мөн Сагсай, Цэнгэл сумууд удаах байруудад орсон байна. Сумдыг байр эзлүүлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн засаг даргатай байгуулсан гэрээ, батламжийн биелэлт, ил тод байдал, шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ зэрэг шалгуур үзүүлэлтүүд болон агентлагуудаас өгсөн үнэлгээг харгалзан үзжээ.
Алтай сум нь 4257 хүн амтай, 160144 малтай томоохон сумдын нэг юм. Тэрээр өнгөрсөн онд мал сүргээ 5,4 хувиар өсгөсөн, орон нутгийн төсвийн орлогыг 479 хувиар давуулан биелүүлсэн, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог 57,1 хувиар, халдварт өвчний гаралтыг 46,7 хувиар, гэмт хэргийн тоог 16,6 хувиар тус тус бууруулсан амжилт гаргажээ.
Ө.Нурболат