Аймгийн Засаг дарга А.Гылымхан сумдын удирлагуудтай гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан сумдын Засаг дарга нартай төр засгийн бодлогыг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа.
Уг гэрээ нь Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, сумын Хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой ажээ.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын зүгээс Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 тоот албан даалгаврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг сумдын удирдлагуудад анхаарууллаа.
Гэрээг ирэх оны нэгдүгээр сард аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дүгнэх ба сумдын ажлын үнэлэхэд нэгэн шалгуур үзүүлэлт болох ажээ.
Ө.Нурболат