Ө.Ганзориг: Даатгал, хөрөнгийн зах зээлийг зэрэг хөгжүүлснээр зээлийн хүү буурах үндэс бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2018-02-27 15:04:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банк болон бусад санхүүгийн байгууллагуудыг нэгтгэсэн байгууллага бол Монголын банкны холбоо юм. Уг холбооны ерөнхийлөгчөөр “Голомт” банкны гүйцэтгэх захирал, эдийн засагч  Ө.Ганзориг томилогдоод удаагүй байна. Банкуудын холбоог тэргүүлэх, туршлагатай эдийн засагч хүний хувьд түүнтэй банкны салбар болон иргэдийн дунд хүлээлт үүсгэдэг зээлийн хүүг бууруулах боломж, гарцын талаар ярилцлаа.
 
1000 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЕВРОПЫН СТАНДАРТААР МОНГОЛЫН
БАНКУУДЫГ ШАЛГАСАН Ч ҮР ДҮН МАШ САЙН ГАРСАН

-Нэн тэргүүнд Банкны холбооны зорилго, үйл ажиллагааны талаар товч танилцуулаач? Холбоог тэргүүлж буйн хувьд ажлаа юунаас эхэлж байна вэ?

-Банкны холбооны гол зорилго нь Монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийг бататгах, банкуудын эдийн засагт оруулж буй үүрэг, ролийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг. Мэдээж банкны сектортой холбоотой хууль тогтоомжид өөрсдийн саналаа оруулах, секторын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэхдээ секторын эрх ашгийг хамгаална гээд иргэдэд ашиггүй, эдийн засагт хохиролтой үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш юм. Иргэд хөрөнгөтэй, ашиг орлого нь нэмэгдэж, эдийн засаг нь сайжирч байж банкны бизнесийн ашиг нэмэгддэг учир Холбоо эдийн засгаа том утгаар нь харж ирсэн юм болов уу гэж боддог. 
Энэ оны 2 дугаар сарын 14-нд Монголын банкны холбооны чуулга уулзалт болж, ерөнхийлөгчөөр нь миний бие сонгогдсон. Энэ үүргийг нийт хоёр жил, сунгавал гурван жил хаших байх. Ажлаа авсныхаа дараа Монголд үйл ажиллагаа явуулж буй нийт банкны гүйцэтгэх захирлуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон. Банкны захирлууд бүгд эдийн засгийн хөгжлийг хэрхэн түргэтгэх, төрөөс гаргаж буй хууль тогтоомжийг олон улсын эдийн засгийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, макро эдийн засгийн хуулиудад нийцсэн байх вэ гэх зэрэг асуудлыг хөндөж байна. Мөн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг хэрхэн хамтарч буулгах вэ гэсэн асуудлаар ярилцсан.

-ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монголын банкуудад Активын чанарын үнэлгээ хийж, банкны салбарын эрүүлжүүлэх зорилгоор өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг өгснийг саяхан нийтэд танилцууллаа. Активын чанарын үнэлгээнд банкууд болон Холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

-Активын чанарын үнэлгээний үр дүнд бүх банкны удирдлага маш сэтгэл хангалуун байгаа. Үр дүн маш сайн гарсан. Ер нь сүүлийн жилүүдэд банкны салбарыг харлуулах, байр суурийг нь ганхуулах, доош нь хийх үзэгдэл маш их болсон. Олон улсын түвшинд ч Монголын банкууд хүнд “өвчилсөн” байгаа мэтээр ойлголт төрүүлэх гэж оролдож ирлээ.Үүнд би маш их харамсдаг. Банкны сектор бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас ингэж харлуулахыг бид зөвшөөрч болохгүй. Харин үнэн юм үнэнээрээ гарч ирж, Европын төв банкны стандартаар хийсэн Активын чанарын үнэлгээгээр маш хангалттай дүн авлаа. Төв банк үүсээд 500 жил, арилжааны банк үүсээд 1000 жил болсон, чөлөөт зах зээлийг 1700 оноос хөгжүүлсэн Европын стандартаар улс төрийн байдал нь ороо бусгаа, засаг төр нь шийдвэрээ байнга өөрчилдөг,  төрийн бодлого нь банкны салбартаа сөргөөр нөлөөлдөг, 28-хан жилийн түүхтэй Монголын банкны салбарыг шалгасан. Монголбанкнаас зарласан банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал ДНБ-ийн 1.9 хувьтай тэнцэж байна гэдэг нь үнэхээр сайн тоо. Энэ тоог Монголын банкууд итгэл төгс нэмчих боломжтой. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, энд дурдсан өөрийн хөрөнгийн дутагдал гэдэг нь Европын стандартаар гаргасан дүн юм шүү. Монголын хууль тогтоомж, дүрэм журмаа банкууд биелүүлээд явж ирсэн. Энэ ондоо багтаад банкуудын өөрийн өсөлтөөр хөрөнгийн дутагдал нь арилна гэж би бодож байна.

-Төв банкнаас салбарын хуулиудад цогцоор нь өөрчлөлт оруулж байгаа. Энэ өөрчлөлтүүд банкуудад хэрхэн тусч байгаа вэ? Банкны холбоо салбарынхаа хууль тогтоомжид саналаа тусгаж чадаж байна уу?

-ОУВС-ийн зүгээс манай секторыг Европын стандарттай болгохоор шахаж байгаа. Үүнийг Монголын банкууд бүгд найрсгаар хүлээн авч, энэ стандартыг нутагшуулахаар ажиллаж байна. Гэхдээ зайлшгүй хэлэх, анхааруулах зүйлс бас бий. Нэгдүгээрт, бид Европ биш, банкны систем нь 28 жилийн түүхтэй. 500 жилийн түүхтэй стандартыг 28 жилийн түүхтэй секторт нааж болох ч эдийн засагт хохиролтой. Хөгжиж байгаа улсын онцлог, улс төрийн бодлого нь тогтворгүй байдаг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг бодох хэрэгтэй. Банкны салбарын чанаргүй зээлийн тодорхой хэсэг нь төрийн бодлогын залгамж халаа алдагдсан, нэг сайд, нэг дарга гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэдэг, зогсоодог зэрэг асуудлаас үүсдэг. Засгийн газрын шийдвэрийг хараад банк зээл өгдөг, иргэд ажлаа эхэлдэг. Ингээд явж байтал засаг, төр нь солигдоод тэр явж байсан бүтээн байгуулалтыг нь зогсоочихдог, эсвэл хөрөнгийг нь олгохоо больчихдог. Банк зээлээ буцаан авч чадахгүй, зээл авсан иргэн төлж чадахгүй хүнд байдалд ороод үлддэг. Энэ бүгдэд тааруулж, арааг нь татах үедээ татаж, тавих үедээ тавьж явах шаардлага тулгардаг. Монголын банкууд маш хүнд нөхцөлд ажилладаг, эдийн засгийн хувьд хоёр хөршөөс хамааралтай улсад ажиллаж байгаа банкны секторт маш уян хатан стандарттай байх ёстой. Тэгж явсаар ч ирсэн учраас Европын стандартаар шаардлага тавьж үнэлгээ хийхэд сайн дүнтэй гарсан. Үнэхээр Монголын банкны систем өнгөрсөн 28 жилийн турш бизнесийн бусад салбар дундаа оройлон манлайлж, олон улсын стандартыг шингээж чадаж байгаа нь бахархал төрүүлсэн. Хууль тогтоомж, олон улсын стандартыг Монголд нутагшуулж болно, ингэхдээ ямар улсад, ямар нөхцөлд оруулж ирж байгаагаа анхаарах ёстой шүү гэдгийг хэлмээр байна.

-Тэгэхээр олон жилийн туршлагатай улс орны стандартыг нэвтрүүлснээр банкны салбарт ямар нөлөөлөл, өөрчлөлт гарах вэ?

-Энэ бүх дүрэм, журам, стандартыг Монголд нутагшуулбал банкнаас гарах зээлийн хэмжээ багасч, зээлийн хүүний өртөг нэмэгдэнэ. Монголын банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэж бий. 100 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкны хэдэн хувь нь эзний оруулсан хөрөнгө байх ёстой вэ гэдэг. Томоохон банкууд 14 хувьтай байгааг 16 хувь болгох асуудал ярьж байгаа. Гэтэл олон улсад энэ нь 7-8 хувь байдаг. Олон улсаас нэг дахин өндөр шалгууртай байж дахин нэмэх асуудлыг ярьж байгаа нь эдийн засагтаа ямар өртөг нэмэх вэ гэдгийг  анхаарах ёстой. Үүн дээр нэмээд Төв банкинд бэлэн мөнгөөр барих заавал байлгах нөөц 10 хувь гэсэн зарчим үйлчилдэг. Гэтэл зарим улс орон заавал байлгах нөөц байдаггүй. Энэ мэт Монголын банкны салбар дэлхийд байхгүй өндөр шалгуур, шаардлагыг хангаж ажилладаг. Дахин нэмж чангатгана гэдэг нь эдийн засагт орох мөнгөний урсгалыг бууруулах эрсдэлтэй. Ийм байр суурь, саналууд бий, түүнийгээ явцын дунд илэрхийлнэ. Бид макро эдийн засагт банкны систем зөв үйлчлээсэй гэдэг байр суурийг барина.


 
ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ХУУЛИЙН ДАГУУ
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

-Монголын арилжааны банкуудын тухайд нэн тэргүүнд “хэт өндөр хүүтэй” гэсэн шүүмжлэлийг иргэд хэлдэг. Зээлийн хүүг бууруулах хэрэгцээ, шаардлага нийгэмд бодитоор үүсч, энэ талаар олон ч жил ярьж байна. Үнэхээр зээлийн хүүг бууруулах бодит боломж бий юу?

-Монголын банкууд нэлээд дээр үеэс өндөр хүү зээлдэгч нарт муугаар нөлөөлж байна гэж ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл банкны гүйцэтгэх захирлууд зээлийн хүүг бууруулах нь зөв гэдэгт санал нэгддэг. Гагцхүү энэ талаар Холбоондоо түлхүү ярьж, эдийн засгийн эрдэмтэн, мэргэдтэй зөвшилцдөг болохоос олон нийтэд хэлж, таниулсан нь харьцангуй бага байж магадгүй. Тэгэхээр Банкны холбооны ерөнхийлөгчийн хувиар олон нийтийн санхүүгийн боловсролд ихээхэн анхаарч, тодорхой ажил хийхээр төлөвлөж байна. Монголбанк, Сангийн яам, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах холбоотой хамтарч ажиллана.

-Таны ярианаас банкууд ч иргэдийн адил зээлийн хүүг бууруулах сонирхолтой байдаг гэж ойлгогдлоо. Гэтэл иргэдийн хувьд арилжааны банк ашгаа бодож зээлийн хүүг өндрөөр барьдаг гэсэн ойлголттой байдаг?

-Зээлийн хүү өндөр байснаар банкууд их ашигтай ажилладаг гэсэн ойлголт олон нийтэд тарчихсан нь үнэн. Гэтэл бодит байдал эсрэгээрээ. Таван хувийн хүүтэй зээл авсан хүн, 20 хувийн хүүтэй зээл авсан хүний хэн нь зээлээ эргүүлэн төлөх чадвартай байх вэ? Өндөр хүүтэй зээл авсан хүн буцаан төлөхөд хүндрэл гарч, эрсдэл үүсэх магадлалтай байх нь ойлгомжтой. Зээл муудна гэдэг нь банкинд хохиролтой. Банкны ашиг бол зээлийн өндөр хүүнээс биш, харин зээлийн хүү болон хадгаламжийн хүүний зөрүү буюу маржингаар тооцогддог юм. Хадгаламжийн хүү 15 хувь, зээлийн хүү 18 байлаа гэхэд энэ зөрүү дээр ашиг олно гэсэн үг. 2017 онд Монголын банкны маржингийг АНУ-ын банкныхнтай би харьцуулж судалж байсан. Ингэхэд хоёул адилхан 3 хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан юм. Монголын болон АНУ-ын банкууд адилхан 3 хувийн ашигтай ажилладаг гэсэн үг. Гэхдээ АНУ 2000 гаруй банктай, маш ширүүн өрсөлддөг. Үүнтэй харьцуулахад Монголын банкны өрсөлдөөн харьцангуй эрүүл байна гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийсэн. Банкны холбооны урдаа барих, ирэх жилүүдэд хийх гол ажил бол зээлийн хүүг зохистой арга хэрэгслээр бууруулах асуудал байх юм.

-Зохистой арга хэрэгслээр гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ? Нэмээд асуухад зээлийн хүүний дээд хэмжээг хуулиар тогтоох ёстой гэсэн байр суурь ч гараад байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Сүүлийн үед нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, макро эдийн засгийн хуулиудын эсрэг байдлаар зээлийн хүүг бууруулах тухай яриа их газар авч байна.  Буруу замаар будаа тээвэл буцахдаа шорооно тээнэ гэж үг бий. Монгол, Орос зэрэг улсууд 70 жил социалист, коммунист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай явж ирсэн. Энэ нь өөрөө макро эдийн засгийн хууль, чөлөөт зах зээлийн зарчимтай зөрчилддөг, буруу зүйл гэдгийг 70 жилийн дараа ойлгож, эдийн засгийн тогтолцоо нь нуран унасан. Хэдийгээр Орос улс цэргийн хүчээр дэлхийд дээгүүр жагсах боловч эдийн засаг, баялаг, ард түмний баян чинээлэг хэмжээгээр тааруухан үзүүлэлттэй явдаг. Монгол Улс ч эдийн засгийн бүх үзүүлэлтээрээ 100-аас хойш жагсдаг. Яагаад гэвэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж амьдралд хэрэгжих боломжгүй нийгмийг 70 жил байгуулах гэж оролдсон учраас дөнгөж 1990 оноос хөрөнгийн бирж, хувийн банкны тогтолцоотой болсон. Би хоцорчихоод байгаа юм. Гэтэл анхнаасаа чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн зарчмаар явсан Англи, АНУ, Швейцарь зэрэг орнууд ямар түвшинд хөгжил нь хүрснийг бид харж байна. 1960 онд чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгосон Өмнөд Солонгос, Сингапур ч яаж хөгжиж байгааг бид харж байгаа.
Юу хэлэх гээд байна гэвэл, зээлийн хүүг бид бууруулах боломжтой. Улстөрчид, даатгал, бизнесмен, брокер, макро эдийн засгийн эрдэмтэд, банкууд бид хамтарч бууруулах ёстой. Гэхдээ чөлөөт зах зээлийн зарчмаар, макро эдийн засгийн хуулийн дагуу бууруулах бүрэн боломжтой шүү гэдгийг л хэлээд байгаа юм. Гэтэл энэ аргыг сонгохын оронд 1960, 1970 он шиг хүчээр хийх гэж оролдох юм бол энэ нь эргээд бидэнд маш том хохирол учруулна гэдгийг эдийн засагч, банкир хүний хувьд би онцгойлон анхааруулж хэлмээр байна.

-Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегийг та боловсруулж, 2017 онд баталж байсан. Үүний гол зарчим нь юу юм бэ?

-Энэ стратегид 2020 онд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаар тусгасан. Гэтэл өнөөдөр бид огт буруу газраас юм хайгаад л яваад байна. УИХ дээр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Макро эдийн засгийн хуулийн дагуу зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Үүнийг хэрэгжүүлэх аргачлалыг Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегид тусгасан байгаа. Төгрөгийн ханш дандаа сулардаг учраас төгрөгийн хүүг зориуд өндөр тавихаас өөр аргагүй гэдгийг нь оношилсон. Чөлөөт зах зээлийн зарчмаа баримтлахад толгой өвтгөсөн, эдийн засгийн ном унших, сахилга бат, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаа шаардсан ажил болно. Гэхдээ энэ бүгдээс зайлсхийж, амар хялбар аргаар шийдэхийг оролдоод байгаа нь буруу. Өнгөрсөн 27 жил гаргасан бидний гол алдаа бол энэ. Ардчилал, чөлөөт зах зээлийн ололт амжилт, оюун ухааныг ашиглахын оронд социалист, коммунист аргаараа хүчээр шийдэж, товчлох гэсэн аргыг сонгож, төрөөс хуваарилалт хийж, бэлэн мөнгө тараадаг байдлаар явж ирсэн учраас монголчууд эдийн засгийн үзүүлэлтээрээ 100-аас хойш дугаарт бичигдсээр байна. Одоо бид сургамж авч, макро эдийн засгийн хуулийн дагуу эдийн засгаа удирдаж, толгойгоо дайчлах хэрэгтэй байна. Гараа хөдөлгөхгүй, хөлсөө гаргахгүйгээр, эцэж цуцахгүйгээр хөгжилд хүрсэн улс орон гэж байхгүй. Эдийн засгийн зузаан ном уншихаас битгий залхуур  л гэж хэлмээр байна. Бизнесийг тодорхойгүй, тогтворгүй, эрсдэлтэй болгоод байгаа бүх зүйлээ арилгах ёстой. Авлигыг устгахгүй бол зээлийн хүү буурахгүй. Яагаад гэвэл авлига өртөгт нь шингээд, бизнесийг дампууруулах хүчин зүйл болж байна. Өнөөдөр улстөрчид 28 жил хийгээгүй зүйлээ хийх ёстой. Нэмээд хэлэхэд, Банкны холбооноос хөрөнгийн зах зээл, даатгалын системийг хөгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлж ажиллахаар санал нэгдсэн. 


ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 2-3 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛАХ ЁСТОЙ

-Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж маш их ярьсан ч өнөөдөр тодорхойгүй байсаар байна. Даатгалын систем ч үнэхээр сул. Энэ салбаруудыг хөгжүүлэх ямар боломж байна вэ?

-Эдийн засгийг санхүүгийн гурван багана тулж байх ёстой. Банк, даатгал, хөрөнгийн зах эдийн засгийг жигд 30, 30 хувиар тулж байхад ачаалал жигд хуваарилагддаг. Гэтэл Монголд банкны салбар ганцаар 95 хувийн ачааллыг үүрч, нөгөө хоёр нь хөгжиж чадаагүй ирсэн. Эдийн засгийн энэ ачааллыг үүрч байгаа салбараа мөнгө хүүлэгч дээрэмчид мэтээр ярих нь үнэхээр ёс бус, бүдүүлэг юм. Үүний оронд даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх юм бол банкны салбарын нуруун дээрх ачаа хөнгөрч, зээлийн хүү буурах үндэс суурь болно. Энэ хоёр салбарыг хөгжүүлэх боломж өнгөрсөн 28 жилийн турш байсан. Ганцхан сэтгэл дутсан. Бид хамтраад энэ хоёр салбарыг олон улсын макро эдийн засгийн стандартаар нь хөгжүүлэх ёстой. Бид энд шинэ зүйл зохиогоод, зээлийн хүүг хүчээр тогтоох хэрэггүй. Хүчээр оролдоод улс орны эдийн засаг, тусгаар тогтнолоо алдах эрсдэлүүд бий болдог гэдгийг олон жишээнээс харж болно.

-Дэлхийн улс орнуудад ипотекийн зээлийн журам иргэндээ ачаалал багатайгаар боловсруулсан байдаг юм билээ. Банкнаас зээл аваад амьдарч байгаад, хэсэг хугацааны дараа буцааж өгөөд мөнгөө авах боломжтой гэх мэт. Гадны орны энэ мэт жишгийг Монголд нутагшуулах боломж хэр байдаг юм бэ?

-Жишээ нь, Чех улсад ипотекийн зээл жилийн 2 хувь байдаг. Энэ улс 1990 онд коммунист системээс бидэнтэй адил чөлөөт зах зээлд шилжсэн. Тэд яаж ипотекийн зээлээ 2 хувь руу буулгаж чадав? Энэ улсын даатгал, хөрөнгийн зах зээл нь биднээс хэдэн хувь илүү хөгжсөнд учир байгаа юм. Ипотекийн зээл жилийн хоёр, гурван хувь хүртэл буурах ёстой. Түүний тулд бид хамтдаа зүтгэх ёстой. Ингэхийн тулд сахилга батаа сайжруулж, бие биенийгээ муулахгүйгээр хамтраад урагшаа явах бүрэн боломжтой. Ипотек, моргейжийн зээл 1600 онд Англид үүссэн. Үүнээс хойш нэг л зарчим, тооцооллоороо явж ирсэн. Иргэдэд зээлийн талаар мэдээлэл, боловсрол хангалттай хүргэхгүйгээр нэвтрүүлснээс болоод үл ойлголцол үүссэн.

-Арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн 8.8 хувь нь “чанаргүй” гэсэн ангилалд байна, үүний 20 хувь нь уул уурхайн салбарт олгосон зээл гэж  Төв банк танилцуулсан. “Чанаргүй” зээлийн хэмжээ ямар түвшинд хүрвэл банкны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ 20-25 хувь хүртэл өсөх эрсдэл 2016 онд харагдаж байсан. Секторын хэмжээнд 20 хувиас дээш гарвал байдал эвгүйцэх нь гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр 10 хувиа дотогш орж буурлаа. Цаашдаа ч буурна. 2012 оноос хойш эдийн засгийн уналттай байсан тэр үед ингэж сайн дааж чадсан нь бизнесмэнүүд, иргэд зээлээ сайн төлсөнтэй л холбоотой. Бид тийм сахилга баттай байсан учраас эдийн засаг сэргэж байгаа юм. Үүнээс гадна уул уурхайн зээл гэдэгт зөвхөн техник, тоног төхөөрөмж биш. Тэнд ажиллаж байгаа мянга мянган ажилчдын цалингийн зээл, лизинг  ч орно. Бид уул уурхайн орон гэгддэг байж энэ салбартаа зээл олгож болохгүй гэж ярих нь зохимжгүй. Энэ салбарт зээл өгөхөөс өөр аргагүй. Нүүрсний салбар уналтад орж, олон компани зогсонги байдалд орсон үед бид ажилчдад нь цалингийн зээл өгчихсөн л байсан. Тэгэхээр улс орны эдийн засгийг том, гүнзгий тавцанд харж, олон улсын зөвлөх байгууллагуудын зөвлөгөөг учир начиртай хүлээн авч байх нь зөв.  

ГАДНЫ БАНК ОРЖ ИРЖ БОЛОХ Ч ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА
ДАВХАР АНХААРАХ ЁСТОЙ

-Өнгөрсөн хугацаанд гадны банк Монголд орж ирэхийг хамгийн их эсэргүүцдэг нь Банкны холбоо гэж зарим эдийн засагчид, улстөрчид тайлбарладаг. Та Холбооны ерөнхийлөгчийн хувьд гадаадын банкны асуудалд ямар байр суурьтай байх вэ?

-Би мэргэжлийн хүний хувьд гадаадын банк орж ирэхийг хоёр гараа өргөөд дэмжинэ. Монголын банкууд гадаадын өрсөлдөөн орж ирнэ гэсэн утгаар нь эсэргүүцсэн зүйл байхгүй гэж ойлгож байна. Харин үндэсний аюулгүй байдлын түвшинд энэ асуудлыг анхаарч үзэх ёстой гэдэг асуудлыг Холбоо тавьж ирсэн. Өнөөдөр ч гэсэн Холбооны нийт гишүүд, Удирдах зөвлөл надтай санал нэг байна. Гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцэхгүй ч үндэсний эрх ашгийн хувьд, аюулгүй байдлын хувьд яаж авч үзэх вэ гэдэгт болгоомжтой хандах ёстой. Тодорхой зохицуулалтуудыг хийх ёстой. Ер нь бол Монголд гадаадын банк бий. Жишээлбэл, банкны системийн 90 хувийг бүрдүүлдэг ТОП таван банкны хоёр нь гадаадын хөрөнгө оруулалттай, ингэхдээ 51-ээс дээш буюу дийлэнх хувийг нь гадаадууд бүрдүүлдэг. Ийм банк байж л байгаа.

-Тэгвэл гадаадын банкны салбар нээх асуудал мөн яригдаж байгаа л даа. Тухайлбал БНХАУ-ын томоохон банкны салбар нээх зөвшөөрлийг Монголбанк өгсөн байгаа. Салбар нээх, банк байгуулахын ялгаа нь юу байна вэ?

-Гадаадын банкны салбар орж ирээд, Монголын банкны сектор өрсөлдөөнийг нь дийлэхгүй уналаа гэж бодъё. Тэгвэл ирээдүйд Монголын эдийн засгийн хамгийн гол салбар болох банкийг хэн удирдах вэ гэдэг асуудал яригдана. Банкны аливаа шийдвэрийг тухайн банкны Төв оффис буюу Гүйцэтгэх захирал гаргадаг. Тэгэхээр энэ бол ялгаатай. Монголд гадаадын банк салбараа нээх, Монголд Улсад бүртгэлтэй банк байгуулах гэсэн хоёр асуудлын ялгааг өмнө нь хүмүүс огт ярьж байсангүй. Үүнийг өнөөдөр ярьж, тодорхой мэдээлэл өгмөөр байна. Монгол Улсын банкны үйлчилгээний дийлэнх хэсгийг Монголд Төв оффистой, Гүйцэтгэх захирал нь суудаг банкууд үзүүлэх ёстой. Түүнээс аль нэг банкны салбар оффис үйлчилгээ үзүүлбэл юу болох вэ? Ганцхан жишээ хэлэхэд, орон нутагт салбартай банкны захирал тэр орон нутгийн сайн сайханд нөлөөлөх шийдвэр гаргаж чадах уу, эсвэл зөвхөн төвөөс өгсөн банкны бодлогыг хэрэгжүүлэх үү? Ийм ялгаа гардаг. Өнөөдөр Монгол Улсын хувьд улс төр, стратеги, геополитикийн түвшинд шийдвэр гаргах гэж байгаа бол “Монголын банкны системд гадаадын банкууд байгаа, нэмж орж ирж болно. Гэхдээ энэ салбарын дийлэнх хувийг Монголд “толгой” Төв оффистой, Гүйцэтгэх захиралтай банкууд бүрдүүлэх ёстой” гэсэн шалгуур тавих нь зүйтэй юм. Энэ бол миний мэргэжлийн хүний байр суурь. Түүнээс Лондонд эсвэл Хонконг-д Төв оффистой, дэлхийн 100 гаруй оронд ажилладаг, Монголд нэг их сонирхолтой биш, зүгээр нэг жижигхэн салбар байгуулаад, шийдвэр гаргах эрх мэдэлгүй захирал тавьчихсан ийм банкууд манай секторын 75 хувийг эзэлж, үйлчилгээ үзүүлбэл юу болох вэ? 


 
БАРЬЦААНААС ИЛҮҮ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНД ҮНДЭСЛЭЖ
ЗЭЭЛ ӨГДӨГ СИСТЕМ РҮҮ ШИЛЖИНЭ

-Зарим эдийн засагчид банкууд иргэдэд зээл өгөх биш үйл ажиллагаагаа өргөжүүлж, төрөлжих хэрэгтэй гэсэн санал хэлдэг. Цаашид банкны салбарт ямар сорилтууд тулгарч байгаа бэ?

-Чөлөөт зах зээл дээр олон банк үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөөний журмаараа л явах ёстой. Гэхдээ энд би дахиад нэг ойлголтыг залруулмаар байна. Банкуудыг зөвхөн зээл өгдөг, мөнгө хүүлдэг газар гэж зориуд хаяглан дайрч байгаа. Банк эдийн засагт гурван үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Үндсэн үүрэг нь төлбөр тооцооны үйлчилгээ. Хөдөө байгаа малчин хотод сурч байгаа хүүхэд рүүгээ секундын дотор мөнгө шилжүүлж байна. Энэ үйлчилгээгээрээ бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай дүйсэн. Банкны хүртээмжийн судалгаа хийхэд нэг хүнд ногдох салбар, АТМ, карт, пос машины тоогоороо бид АНУ-ыг давж гарсан. Өнөөдөр АНУ-д гэхэд банк хоорондын гүйлгээ хийхэд гурав хоног зарцуулдаг. Хоёрт, хадгаламжийн үүрэг. Эдийн засагт хүмүүсийн мөнгийг хуримтлал хэлбэрээр төвлөрүүлж, дахин хуваарилах бололцоог бий болгодог. Эцсийн үүрэг нь зээлдүүлэгчийн үүрэг. Зээлдүүлэгчийн үүргийг банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард ч олгож болно. Харин мөнгө хүүлэлт гэдэг бол өөр зүйл. Төлж чадахгүйг нь мэдсээр байж утга учиргүй өндөр хүүгээр мөнгө зээлүүлдэг, мафижсан шинжтэй байдаг учир үүнийг хуулиар хязгаарлаж, дээд хэмжээг нь тогтоож байдаг юм.  

-Арилжааны банкны гол үйлчлүүлэгч нь иргэд, аж ахуй нэгж. Гэтэл банк хоорондын шимтгэл өндөр, барьцаа нь хэт өндөр гэх мэт шүүмжлэл их бий. Ер нь иргэдэд илүү их хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр яаж ажиллах вэ?

-Монголын банкны систем дэлхийд тэргүүлэх технологийн дэвшил үйлчилгээг иргэдэд санал болгодог. Жишээ нь, “Голомт” банкнаас гаргасан зээлийн карт 45 хоног хүүгүй, барьцаагүй зээл олгодог. Харин аж ахуй нэгжээс барьцаа хөрөнгө шаарддаг нь үнэн. Гэхдээ барьцаанаас илүү бизнес төлөвлөгөөнд үндэслэж зээл өгдөг систем рүү бид явна. Ийм систем рүү явахын тулд төр, засаг нь бодлогоо тодорхой болгох ёстой. Яагаад банк барьцаа шаардаж байна гэхээр эрсдэлтэй учраас. Эрсдэл хаанаас бий болж байна вэ гэхээр эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлого тогтворгүй байгаагаас үүсч байна. Нэг аж ахуй нэгжид зээл олгохоор хэн нэгэн төрийн албан тушаалтан бизнесийн үйл ажиллагааг нь зогсоох, тусгай эрхийг нь цуцлах, татварыг нь нэмэх вий гэсэн болгоомжлол байгаа учраас банк эрсдэлээ тооцож барьцаа хөрөнгө шаарддаг.
Н.Гантуяа
相关新闻