Энэ хавар Орхон аймагт 56.7 мянган толгой мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-12 11:33:43
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Орхон аймагт энэ хавар 4.3 мянган гүү, 9.5 мянган үнээ, 22.7 мянган хонь, 20.1 мянган ямаа буюу нийт 56.7 мянган толгой мал төллөнө.
Шүлхий болон зуднаар нийт 2032 толгой мал хорогдсоноос 40.1 хувийг нь үхэр эзэлж байна. Энэ сарын байдлаар цасны зузаан 16-27 см, нягт нь  0.18-0.22 гр/см/кв, хөрийн зузаан нь 4-5 см, хунгарласан газартаа 48 см зузаантай байгаа нь мал бэлчээрт гарах боломжгүй болж цагаан зудын нөхцөл байдал үүссэн ажээ. Иймд  аймгийн Онцгой комиссын шийдвэрээр нөөцөлсөн өвсийг 100 хувь олгожээ.
Харин хүнсний салбарын хувьд дотооддоо мах, сүү, хүнсний ногоогоо 100 хувь хангах зорилт дэвшүүлж орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар, Орхон аймагт 70 гаруй хүнсний үйлдвэр, цех ажиллаж мах, махан бүтээгдэхүүний 41.6, сүү, сүүн бүтээгдэхүүний 56.3, гурил, гурилан бүтээгдэхүүний 100, төмс 91.6, хүнсний ногооны 67.3, өндөгний 4.2 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна.
Өнгөрсөн сард Жаргалант суманд гарсан шүлхий өвчний улмаас 45 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Нэмж мал өвчлөөгүй тул энэ сарын дундаас хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг бууруулах боломжтой гэж ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻