Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-28 16:39:24
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Засгийн газраас батлагдсан "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" дор зангидагдаж буй Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд үргэлжилж байна. 

Салбар хуралдааны нэг болох "Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур" хэлэлцүүлэг Төрийн ордны "Б" танхимд болов.

Тус хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, төлөв байдал, боломж, тулгамдсан асуудал, хөгжлийн гарц, арга зам гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө.

 ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбар хуралдааныг нээж хэлэхдээ, “Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлого маш тодорхой. Бид уламжлалт мал аж ахуйд тулгуурладаг бөгөөд тодорхой тогтоосон бүс нутагт газар тариалан эрхэлдэг. Тариалангийн бүс болон хот, сууринг түшиглэн эрчимсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Улмаар хүнсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүнийг бий болгох бодлого барьж байна” хэмээв.

"Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ын хүрээнд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлжээ. Мөн орон даяар аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлэх юм байна. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхээр салбарын яам идэвхийлэн ажиллаж эхэлжээ.
 
Б.Заяа
相关新闻