Д.Ариунболд: "Эрдэнэс Тавантолгой” энэ онд 10 сая тонн нүүрс экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-28 18:01:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн чуулганы “Уул уурхай, дэд бүтцийн хэлэлцүүлэг”-ээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, татвар, эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээх асуудлыг хөндсөн юм.

Монгол Улсын экспортын 87.3 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж буй бөгөөд үүний 36.4 хувийг чулуун нүүрс эзэлж байна. Харин 26 хувийг зэсийн баяжмал, 9.6 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, 6 хувийг боловсруулаагүй нефть,5.1 хувийг төмрийн хүдэр ба баяжмал эзэлж байгаа юм.

Өнгөрсөн онд хар алт эдийн засгийн өсөлтөд нэлээн жин дарсан бөгөөд энэ жил өсөлтөө хадгална гэсэн хүлээлт байна. Шинжээчдийн үзэж буйгаар нүүрсний үнэ энэ онд тогтвортой байх аж. Нэг тонн нүүрсийг  68.1 ам.долларын өртөгтэй байгааг албаныхан хэллээ.

Мөн үеэр “Эрдэнэс Монгол”,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээлэл өгсөн юм. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж буйг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд онцлов. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 3 сая тонн нүүрс экспортлоод байгаа аж. Сард нэг сая тонн нүүрс экпортолвол  төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломжтой юм гэлээ.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас алт цэвэршүүлэх үйлдвэрийг Казахстаны талтай хамтран байгуулахаар болсныг чуулганы үеэр  мэдэгдсэн юм.

Харин эскпортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал гэдэгт төвлөрлөө. 12.7 хувийг уул уурхайн бус экспорт бүрдүүлж буйг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд тодотгов.

Экспортыг төрөлжүүлэхэд тээвэрлэлтийн зардал бусад улс орноос харьцангуй өндөр байгаа аж. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар 20 тоннын чингэлэг бүтээгдэхүүн экспортлох зардал Японд 829.3, АНУ 1224, Өмнөд Солонгост 670, Хятадад 823 ам.доллар байдаг бол манайд 2745 ам.долларын өртөгтэй байгааг дурдав.
Б.Заяа
相关新闻