Хөдөө аж ахуйн бирж “Бохай” биржтэй ноолуурын хил дамнасан арилжааг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-30 17:34:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дэлхийн ноолуурын зах зээлийн түүхий эдийн гол бэлтгэн нийлүүлэгч нь Монгол, ОХУ, БНХАУ, Иран, Афганистан улс бөгөөд манай улс 40 орчим хувийг бэлтгэдэг гэсэн судалгаа байна.  Тэгвэл Хөдөө аж ахуйн бирж  ирэх дөрөвдүгээр сарын 15-наас БНХАУ-ын “Бохай” биржтэй хамтран ноолуурын хил дамнасан арилжааг хийхээр болжээ.

Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор  Засгийн газар “Ноолуур” хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хил дамнасан арилжаа нь хөтөлбөрийн эхлэл болж буйг Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатар онцолж байна.

“Бохай” биржээр дамжуулан түүхий эдээ арилжаалах бэлтгэлийг базааж буй бөгөөд талууд мэдээлэл технологийн чиглэлээр арилжааг хэрхэн явуулах талаар журам боловсруулах аж.

Хөдөө аж ахуйн биржид  ноос, ноолуурын салбарынхан захиалга өгснөөр  “Бохай” биржтэй арилжаа явуулах боломж бүрдэх гэнэ. Харин малчдын хувьд хоршоонд нэгдэж захиалга өгөх боломжтойг албаныхан хэллээ.  Дамжлага байхгүй, шууд эцсийн хэрэглэгчдэд хүрэх ноолуурын арилжаанд хоршоод  оролцохоор Хөдөө аж ахуйн биржид  захиалгаа өгч эхэлжээ.

Угаасан ноолуурын үнэ Хятадын зах зээлд 1 кг нь 500 юань байгаа бөгөөд  энэ нь 200 мянган төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин Хөдөө аж ахуйн бирж дээр нэг кг ноолуур 100 мянган төгрөгийн ханштай байна.

Б.Заяа
相关新闻