Баян-Өлгийчүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" жагсаалд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-31 19:27:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон даяар зохион байгуулсан хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" тайван жагсаалд Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, Скаутын зөвлөл болон иргэдийн төлөөллүүд нэгдэж, өнөөдөр Өлгий хотын төв талбайд жагслаа.

Өлгий хот орчмоор шуургатай байснаас жагсаалд оролцогчдын тоо цөөн байлаа. Жагсагчид сүүлийн үед улсын хэмжээнд нийгэмд айдас төрүүлсэн жигшүүрт хүчирхийллийн хэргүүд ар араасаа цувран гарах болсонд санаа зовниж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Баян-Өлгий аймагт хүчирхийллийн хэргүүд багагүй гардаг ч зан заншил, үндэсний онцлогоос хамаарч тэр бүр ил гаргадаггүй гэдгийг зарим иргэд онцоллоо. Цаашид насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн хохирогч болох, хүчирхийлэлд өртөх асуудал нэмэгдэх хандлагатай байгаа тул төр засаг, мэргэжлийн байгууллагууд ард иргэдтэй хамтарч аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эрчимжүүлэхийг шаардлаа.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймагт өнгөрсөн онд гурван хүүхэд авто ослын улмаас нас баржээ. Түүнчлэн гурван хүүхдийн биед хүнд, нэг хүүхдэд хүндэвтэр гэмтэл учирсан, гурван хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон, нэг хүүхдийн биеийг бусдад үнэлүүлж, дундаас нь ашиг олсон зэрэг хэргүүд бүртгэгдэн шүүхээр шийдвэрлэгдэж байжээ.

Ө.Нурболат

相关新闻