Ажлын байрны эрсдлийг бууруулах зорилт дэвшүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тохиох “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан орон даяар зохион байгуулж буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян" Баян-Өлгий аймагт өнөөдөр нээлтээ хийсэн юм. Аяны үр дүнд ажлын байрны эрсдлийг бууруулах, улмаар эрсдэлгүй аймаг болгох зорилт дэвшүүлснээ зохион байгуулагчид илэрхийлээд байна.
Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын 2018 оны А/146 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг зохион байгуулах аж. Аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Кеншилик: "Ард иргэд болон албан байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл хүргэнэ. Түүнчлэн мэргэшсэн ажилтан бэлтгэх, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчилж, уул уурхай, барилгын компаниудад хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны хангалт, талбайн тэмдэг, тэмдэглэгээг зохион байгуулах, өргөх, буулгах машин, механизмуудыг суурилуулах, ашиглах талаар зааварчилга, зөвлөгөө өгнө. Малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулна" хэмээн тайлбарлалаа.
Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймагт 2017 онд үйлдвэрийн зургаан осол бүртгэгдэж байжээ. Энэ нь хөрш зэргэлдээ Увс, Ховд аймгуудтай харьцуулахад 25-30 хувиар бага үзүүлэлт юм.
Ө.Нурболат