Баян-Өлгийд хил орчмын зөрчил, эрүүгийн хэргийн нөхцөл байдал хөнгөрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-06 23:50:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд хил орчмын зөрчил, эрүүгийн хэргийн нөхцөл байдал буурч байгаа талаар аймгийн Прокурорын газрын ерөнхий Т.Батсүх Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн нэгдсэн зөвлөлгөөний үеэр мэдээллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ: "2013-2015 онуудад нөхцөл байдал хүнд байсан. Гуч, дөчөөр нь туугаад жилд 100 гаруй адуу аваад явдаг байлаа. Харин өнгөрсөн 2017 онд 2 удаагийн тохиолдлоор 70-аад адуу хил гарсан. Он гараад Ногооннуур сумын нутаг болох Асгатын заставын хэсгээр мал хулгайлах зорилгоор хил нэвтрэн орж ирсэн ОХУ-ын Тува улсын дөрвөн иргэнийг баривчилсан. Одоо эрүүгийн хэрэг нь шалгагдаад дуусч байна. Тэр нөхдөөс өмнөх онд алдагдсан морины хазаар гарч ирсэн. Тийм учраас хэргийг нь өмнөх жилд алдагдсан малтай холбож шалгаж байна. Хэрэг нь бараг тогтоогдоод байгаа" гэлээ.

Ерөнхий прокурорын тайлбарласнаар Улаанхус сумын Хөх эрэг, Хулжаагийн заставын хэсгээс мал гаргах зуршил зогсохгүй байгаа аж. Хууль хяналтын байгууллагууд энэ хэрэгт орон нутгийн иргэд өөрсдөө оролцож байж болзошгүй гэж үздэг бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Гылымхан хил дамнасан малын хулгайг таслан зогсооход орон нутгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, зөрчил гарах хэсгүүдэд торон саад тавихад шаардлагатай 11 сая төгрөгийг шийдэж өгөхөө дуулгалаа. 

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн жил бүр зохион байгуулдаг ээлжит нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр Хилийн цэргийн 0165 дугаар ангид зохион байгуулж, зөвлөлийн 2017 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлсэн 2018 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.

Ө.Нурболат

相关新闻