З.Түмэнжаргал агсны "Монголын тал нутаг" хүндэтгэлийн тоглолтод 100 гаруй уран бүтээлч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-10 12:39:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СГЗ, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргалын мэндэлсний 65 насны ойд зориулсан "Монголын тал нутаг" хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд Соёлын төв өргөөнд болно.

Тоглолтын талаар зохион байгуулагчид өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн хэлэхдээ, “Миний хань жил бүр “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтыг зохион байгуулдаг байсан нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн байдаг. Энэхүү тоглолтод дуулдаг дуунуудаас гадна олон сюрприз үзэгчдийг хүлээж байна. Миний ханийн уран бүтээлийг 8 настай балчраас 80 настай буурлууд хүртэл дуулдаг. Тиймээс тоглолтод бага ангийн хүүхдүүд “Бага насаа хайрлаж явна”,  10 жилийн хүүхдүүд “Салаа хархан гэзгэн дээр чинь”, ахлах ангийн сурагчид “Урьхан цэнхэр хавар” зэрэг дуугаар нь ая дууны мялаалга өргөнө.  Мөн дууг нь Франц хүмүүст таниулсан  хамтлаг хоёр хоногийн дараа хүрэлцэн ирнэ. Хань минь “Үгнээс аялгуу ургадаг. Дууны шүлгийн цэг, таслал, мөр бүгд сэтгэлээс гардаг, амьтай” гэдэг байсан. Мөн дууных нь үгийг өөрчилж дуулахыг тэвчдэггүй байлаа. Бид өнөөдөр түүнийхээ мэндэлсний ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт хийж байгаадаа баяртай байна” гэв.
Тоглолтод “Харанга”, “Өргөө”, “Нюанс” хамтлаг, Улсын Филармонийн Симфони оркестр, Монголын Хүүхдийн ордны найрал дуучид, Францын “Migga&Co”хамтлаг, Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, Ч.Насантогтох, Б.Дашдондог, Ө.Уянга, Ц.Өлзий-Орших, Ц.Чулуунцэцэг, МУСТА Б.Мягмарсүрэн, Н.Гантулга, С.Баттулга, Л.Тайванбат, Л.Ган-Эрдэнэ, Д.Отгонжаргал нарын 100 гаруй уран бүтээлч оролцоно. 
Том хүү Т.Дүүрэн ярихдаа, “Миний аав Загдын Түмэнжаргал монгол түмний сод билэгтэн, гоц авьяастай хүн байсан. Өөрийн эх орон, нутаг усаа магтсан дуугаараа олон жил ард түмнээ баярлуулж, тайтгаруулж ирсэн. Миний аавын уран бүтээлийг Монголын сор болсон дуучид дуулж монголын ард түмнийг уярааж, хөглөж ирсэн. Дуунууд нь Монгол Улсын соёлын өв болоод зогсохгүй  “Монголын тал нутаг” дуу нь дэлхийн сонгодог урлагийн тайзнаа эх хэлээрээ дуулагдсан. Зөвхөн монгол хүнийг сэтгэлийг уяраагаад зогсохгүй олон улсын мэргэжилтнүүд “энэ дуунд ямар нэгэн учир байна” хэмээн уулга алдан гайхан биширч байгаа бичлэг нь дэлхий дахинд цацагдсан. Энэ бол монгол хүний авьяас, энерги, цар хүчийг илтгэж буй юм” хэмээн тодотгов.
Мөн тоглолтын өмнө гэр бүлийн архиваас гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн үзүүлэх аж. Энэ үдэш нутгийн зон олон, ах дүү, найз нөхөд нь цуглан, сэтгэлийн дурсамжаа хуваалцах боломжтой. Тиймээс үзэгчдийг тоглолтоос нэг цагийн өмнө ирж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрөөхийг зохион байгуулагчид урив. 
Монголын нийтийн дууны урлагт түүний бүтээсэн “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”,  “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”,  “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлджээ. 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻