Сэлэнгэ аймагт 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-28 23:40:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас санаачилан “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт” арга хэмжээг нэлээд өргөн хүрээнд энэ сарын 27-ны өдөр аймгийн төв Сүхбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 14 байгууллага, иргэнтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татаж чадлаа.   
Сэлэнгэ аймаг 2018 оныг “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан юм. Үүнийхээ хүрээнд аймгийн хэмжээнд анх удаа “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт” арга хэмжээг нэлээд өргөн хүрээнд энэ сарын 27-ны өдөр аймгийн төв Сүхбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Тус чуулган Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын гарц, эдийн засгийн төрөлжилт-аялал жуулчлал, шинэ технологи-инноваци-ХАА, ухаалаг ирээдүй-боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн нэгдсэн хуралдаанд хуваагдан явагдлаа. Чуулга уулзалтанд ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь Ерөнхий консул А.Ц.Доржиев, Кувейт улсын ЭСЯ, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА, Герман дахь GIZ-ийн эдийн засгийн бодлого, хувийн хэвшлийн хөгжлийн хэлтсийн дарга Др.С.Курц, Үндэсний хөгжлийн газрын судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд, мөн газрын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнхбат, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми, ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн зөвлөх А.Мөнхжин, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн, Швейцарь улсын иргэн, доктор Паскал Гэйрч, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, Reinkle” компанийн Монгол дахь төлөөлөгч, “Торсгор” ХХК-ийн захирал Э.Жаргал, Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт, Сэлэнгийн Герефорд ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Галсанням болон аймгийн удирдлагууд бусад төлөөлөгчид оролцож илтгэл тавьсан. Энэхүү анхдагч чуулганд аймгийн Засаг дарга Ш.Оргил, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн газар, “Сөүл” групп, ”Монланс тур” ХХК, ”ММС” ХХК, Герефорд” ХХК, ”Болд төмөр Ерөө гол” ХХК, ”Reinke” компани, Карьер хөгжлийн төв, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал технологийн Их сургууль, Буриад Улсын Их сургууль, Сибирийн Хэрэглээний Хоршооллын Их сургууль, Хууль зүйн туслалцааны төв, Швейцарь улсын иргэн Паскал Гэйрч зэрэг 14 байгууллага, иргэнтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал Швейцарь улсын иргэн Паскаль Гэйрч өөрийн хөрөнгөөр 2018 ондоо багтаад цанын олон улсын төв  байгуулахаар болсон тухайгаа хэллээ. Мөн Германы ОУ-ын хамтын ажиллагаа нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр Сэлэнгэ аймагт 2014 оны 12 сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, “Орон нутгийн цогц хөгжил, түншлэл” үйл ажиллагааг эхлээд гурав дахь жилдээ амжилттай явуулж байгаа. Тус хөтөлбөр Сэлэнгэ аймагт 2018 онд “тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг хэрэгжүүлэхээр эхлүүлээд байгаа юм. Энэ удаа Сэлэнгэ аймагт джитал буюу цахимжсан хэлбэрээр орон нутгийн цогц хөгжлийн түншлэлийн талуудын иргэний нөөцийн чадавхийг хөгжүүлэх зорилгоор 17 суманд цахим хурлын орчин үеийн төхөөрөмжийг суурилуулж, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэдэд зориулсан сургалтыг хэрэгжүүлэх, Сэлэнгэ утас аплейкешн хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн “СӨҮЛ” групп нь Монгол Улсад анхны өндөр зэрэглэлийн рестораны үйлчилгээг бий болгосон байна. Өнөөдөр тус групп Сэлэнгэ аймгийн Мандал суманд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, аялал жуулчлалын цогцолбор барих санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн ”ММС” ХХК нь дөрвөн аймгийн зургаан сумдад нийтдээ 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн үндэсний томоохон хөрөнгө оруулагч компаниудын нэг юм. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд нэгдсэн халаалтын төв, цэвэр усны шугам  барьж байгуулах нэг тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээнд тус тус гарын үсэг зурлаа. Чуулганыг хааж хэлсэн үгэндээ Сэлэнгэ Аймгийн Засаг дарга Ш.Оргил “өнөөдөр бидний зорьсон зорилт хүссэн үр дүн тодорхой хэмжээнд хүрлээ гэж дүгнэж байна. Чуулганы арга хэмжээнд хүрэлцэн ирж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, гурван тулгуурт хөгжлийн бодлого, Сэлэнгэ аймгийн өрсөлдөх чадвар, Олон улсын тогтвортой эдийн засаг зэрэг хэрэгцээт мэдээллийг өгсөн төрийн байгууллагуудын төлөөлөл, санал бодол, туршлагаасаа хуваалцсан үндэсний болон орон нутгийн бизнесийн төлөөлөл, Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад талархалаа илэрхийлье. Энэхүү та бүхний оруулж буй хөрөнгө оруулалтуудыг үр өгөөжтэйгээр хэрэгжүүлж, хамтын ажиллагааны үр ашгийг хамтдаа хүртэнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна” гэлээ.
Монгол Улсын 9 дэх удаагийн хөрөнгө оруулагчдын чуулган удахгүй болох   бэлтгэл ажлаа хангаад байгаа энэ үед 21 аймгаасаа анх түрүүнд Сэлэнгэ аймаг ийнхүү хөрөнгө оруулагчдын чуулганыг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ үйл ажиллагааны ач холбогдолыг тодорхойлж буй хэрэг юм. Хөрөнгө оруулалт бол тухайн улс, аймаг, орон нутгийн гол тулгуур асуудлуудын нэг байдаг. Сэлэнгэ нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, түншлэлийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, мөн аймгийнхаа өрсөлдөх чадаврыг нэмэгдүүлэх, Сэлэнгэчүүдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, хөгжсөн аймгийг бүтээн байгуулахад энэхүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулганы ач холбогдол орших учиртай юм. Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын хойд бүсийн эдийн засаг соёлын нэгэн томоохон төв гэдгээрээ онцлогтой.
Чуулганы үеэр аймгийн баялаг бүтээгчдийн төлөөлөл өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. 
Ч.Отгонцэцэг
相关新闻