Шилдэг зураачид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-30 11:55:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний ЕБ-ийн 1-р сургуулийн зураг технологийн багш агсан н.Мэндбаярын  нэрэмжит натюрморт болон гар зургийн уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд аймгийн Бэлчир болон Орхон бүсийн 80 гаруй сурагчид оролцжээ.
Жилээс жилд өрсөлдөх чадвар, оролцогчдын тоо өсөн нэмэгдэж чансаа нь сайжирч байгаа тус тэмцээн энэ жил 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан байна. Анх 2006 онд зураг, технологийн багш агсан н.Мэндбаяр өөрөө тус тэмцээнийг санаачлан эхлүүлж байжээ. Ингээд 2015 оноос түүний шавь нар багшийнхаа чадварыг алдаршуулах үйл ажиллагааг нь тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор түүний нэрэмжит болгон энэ удаа гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Зураг, технологийн багш агсан н.Мэндбаяр нь натюрморт буюу эд юмсаар амьдралын юмс үзэгдлийг илэрхийлэхдээ маш чадамгай нэгэн байсан хэмээн шавь нар нь онцолж байв. Энэ удаагийн тэмцээнийг тус сургуулийн 2002 оны төгсөгчид болох түүний шавь нар ивээн тэтгэжээ.
Ийнхүү жилээс жилд чанаржиж, өрсөлдөгчдийн тоо нэмэгдэж буй уг тэмцээний ахлах анги буюу натюрмортын төрөлд тэргүүн байрын шагналыг Сүхбаатар сумын 1-р сургуулийн сурагч Б.Энхтулга хүртэж, Сүхбаатар сумын 4-р сургуулийн 12в бүлгийн Б.Хонгорзул, 12в бүлгийн Б.Дашням, 4-р сургуулийн 10в ангийн Х.Нямцэцэг, 1-р сургуулийн 12б бүлгийн Х.Энхмөрөн нар удаах байруудад шалгарсан байна. Харин гар зургийн төрөлд 1-р байранд Цагааннуур сумын ЕБС-ын 9-р ангийн сурагч Б.Цэрэнчимэд шалгарч, удаах байруудад Сүхбаатар сумын 4-р сургуулийн 9б ангийн Х.Номин-Эрдэнэ, Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ын 9-р ангийн сурагч П.Энхжин, Сүхбаатар сумын 1-р сургуулийн 7-р ангийн сурагч Б.Мишээл, Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн 9-р ангийн С.Мөнхзул нар шалгарчээ.
Сэлэнгэ аймгийн Бэлчир болон Орхон бүсэд нийт 10 сум, хоёр тосгон хамрагддаг юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻