Казахстанд болсон олон улсын тэмцээнээс А.Нурлан алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-30 22:15:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахстан Улсын Атырау хотод зохион байгуулагдаж буй "А" зэрэглэлийн Олон Улсын боксын тэмцээнээс олон улсын хэмжээний мастер А.Нурлан 56 кг жинд өнөөдөр алтан медаль хүртсэн байна.

Мөн олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар 64 кг жинд, спортын дэд мастер Б.Сүххуяг 69 кг жинд тус тус хүрэл медалийн болзлыг хангажээ. 

Олон Улсын Боксын Холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ болон Монгол, Казахстан, Узбекистан, Кыргызстан зэрэг орнуудын 100 орчим боксчин 10 жингээр өрсөлдсөн бөгөөд манай улсаас дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор боксын үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин  эх орноо төлөөлөн оролцжээ. 

Энэ сарын 25-наас эхэлсэн уг тэмцээн маргааш өндөрлөх юм. Тэмцээний дараа Монгол, Казахстаны баг тамирчид Алматы хотноо хоёр сарын хамтарсан бэлтгэл хийж, Атырау, Алматы, Астана хотуудад болох цуврал тэмцээнүүдэд оролцох ажээ.

Ө.Нурболат
    


相关新闻