Архангай аймаг энэ жил 14 мянга гаруй га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-07 16:09:51
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ хавар үр тариа 9700 га, ногоон тэжээл 2000 га, тосны таримал 1950, төмс 479 га, хүнсний ногоо 176 га гээд нийт 14305 га талбайд тариалалт хийнэ. Энэ хаврын тариалалтад төрөөс 7 сумын үр тариа тариалагч 41 иргэн, аж ахуйн нэгжид үрийн улаан буудайн үнийг 30 хувиар хөнгөлж олгосон байна.
Бага дунд оврын трактор, комбайн, чиргүүл, тоног төхөөрөмжийг урьдчилгаа төлбөртэйгөөр лизингээр олгох  бол тариалалтын болон уринш бэлтгэхэд шаардагдах шатахууныг 50 хувиар хөнгөлж олгожээ.

Энэ хаврын тариалалтад 19 сумын 106 өвлийн болон зуны хүлэмжийн 1,2 га талбайд тариалалт хийхээс гадна 143,5 га талбайд жимс, жимсгэнэ тариална. Үүнтэй холбоотойгоор жимс, жимсгэний суулгацыг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, 6 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй тендер шалгаруулан олгож байгаагаас гадна 1-5 га-гийн услалтын бүх төрлийн системийг хөнгөлөлттэй үнээр олгох юм байна.

Энэ хаврын тариалалтын бас нэг онцлог нь аймгийн ИТХ-аас сум бүрт 10 га-д тэжээл тариалах газрыг шийдэж өгсөн ба тариалах үрийг аймгийн Засаг даргын нөөц сангаас зохих журмын дагуу нийлүүлнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Мөн тариалангийн бүс нутгийг хашаажуулах ажлын санхүүжилтийг ХХААХҮЯ-ны дэмжлэгээр зохион байгуулахаар болжээ. 
Архангайд тариалалт 5-р сарын 5-наас эхэлжээ.
Б.Гэрэлт-Од
相关新闻