Марафон гүйлтийн тэмцээнд оролцогсдын хамгийн ахмад нь 90 настай иргэн байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-07 21:51:49
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Булган марафон-2018” бүх нийтийн гүйлтийн нээлттэй тэмцээн ням гаригт  болж, аймаг, нийслэлийн 70 гаруй байгууллагын 900 гаруй тамирчид оролцлоо.
Энэ тэмцээний хамгийн холын зай болох 21 км-ийн уралдаанд 18-49 насны эрэгтэйчүүдээс “Хилчин” спорт хорооны тамирчин О.Болдоо, эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Ч.Шиннэцэцэг, 50-иас дээш насны эрэгтэйчүүдээс Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн тамирчин Ш.Батсүх нар түрүүллээ.  Арван км-ийн зайд 18-34 насны эрэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Б.Суваргахайрхан, 5000 метрийн зайд 18-34 насны эмэгтэйчүүдээс Улаанбаатар хотын “Хурд” клубын тамирчин Т.Ариунболд, 3000 метрийн зайд 35-49 насны эмэгтэйчүүдээс Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн тамирчин Д.Наранцацрал, эрэгтэйчүүдээс Улаанбаатар хотын Онцгой байдлын газрын тамирчин Д.Тэмүүжин, 2000 метрийн зайд 50-иас дээш насны эрэгтэйчүүдээс Орхон аймгийн тамирчин С.Ганбаатар, эмэгтэйчүүдээс Улаанбаатар хотын Ж.Батчимэг нар аварга боллоо.
Тэмцээнд тус аймгийн төв хөдөөгийн 46 байгууллагын тамирчдаас гадна Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл, Увс, Архангай, Баянхонгор, Завхан аймаг, “Алдар”, “Хүч” спорт хорооны тамирчид ирж өрсөлдсөн байна.
“Булган марафон-2018” гүйлтийн тэмцээний хамгийн ахмад тамирчин нь Тэшиг сумын иргэн 90 настай А.Морхо байлаа.
М.Батжаргал
相关新闻