Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2017 оноос мөрдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүний өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “2017 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хууль хэрэгжихээр төсөлд тусгажээ. Энэ нь ирэх Засгийн газрын бүрэн эрхэд халдсан хэрэг болж байна. Тиймээс 2016 оны эхнээс хуулиа мөрдөхөөр оруулж ирж болоогүй юм уу” гэсэн асуудлыг тодруулсан. Уг асуултад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “2016 оны эхнээс хуулиа мөрдөхөөр санал гаргасан байсан. Гэтэл 2016 оны улсын төсөв батлагдсан учир 2017 оны эхнээс хуулиа мөрдөхөөр оруулж ирсэн. Мөн тодотголд тусгах хуулийн заалт байхгүй учраас 2017 оны эхнээс хууль хэрэгжихээр тусгасан" гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "Хууль 2 жил гацсаны дараа батлагдах гэж байх шиг байна. Хуулийг яагаад яаравчлан батлах гээд байна вэ гэдэг дээр нэг тайлбар хийе. Социализмын үеийн бүтээн байгуулалтыг хийсэн хүмүүс өнөөдөр тэтгэврээс өөр орлогогүй амьдарч байна. Мөн хэлэлцэж буй асуудал маань нэг хүний биш, хоёр хүний тухай асуудал. Тэр дундаа эмэгтэйчүүд хамгийн бага тэтгэвэртэй байдаг тул тэднийг дэмжихэд ихээхэн түлхэц болно гэж үзэж байгаа. Цаашдаа бид халамжийн бодлогоо багасгаад зорилтот бүлэгт чиглэсэн ийм чигийн хуулиудыг баталдаг болмоор байна" гэсэн нэмэлт тайлбарыг өгч байв.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Өмнөх хэлэлцүүлэг дээр хууль 2012 оноос буцаж хэрэглэнэ гэсэн заалтыг УИХ-ын дарга эргэж яриарай гэсэн. Энэ заалт дээр ярьсан зүйл байна уу. Засгийн газар хамтын тэтгэврийг иргэддээ өгье гэж байсан юм бол яагаад төсөв яригдахаас өмнө батлуулж болоогүй юм бэ. 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хууль хэрэгжинэ гэж байна. Тэр үед та нар байхгүй. Хариуцлага хүлээхгүй. Өгье гэсэн сэтгэл байгаа юм бол амьд сэрүүн байгаа иргэдийнхээ тэтгэврийг нэмэх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаагаа хэлэхэд УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Хууль батлагдахгүй 2 жил 6 сар болсон учир нь МАН-ын бүлгийн гишүүд өөрсдийн оруулж ирсэн хуулиараа барьцаалж ирсэнтэй холбоотой. Үүнээс өмнө батлах бололцоо байсан уу гэвэл байсан. Төсөв батлагдсан учир 2017 оноос хэрэгжихээр өөр аргагүй байдалд хүрсэн. Хууль буцаж үйлчлэх тухайд Засгийн газар журмаар тогтоохоор тусгасан" хэмээн хариулсан юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ, “Хууль өргөн баригдсанаас хойш 4 жил болж байна. Иргэн хүний өөрийнх нь бий болгосон хуримтлалын мөнгийг хань ижилд нь өвлүүлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл халамж нэмэгдүүлж байгаа биш, гэр бүлийн өөрсдийнх нь хуримтлуулсан баялагийг хэн нэгэнд нь өгч байгаа юм” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "Цэргийнхэн 45 хүрээд тэтгэвэрт гардаг. Гэтэл хуулиараа бол эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд тэтгэвэрт гардаг. Гэтэл энэ хуулинд хамтын тэтгэвэр 5 жил хадгалагдахаар заасан байна. Түүнчлэн 15 жил хамт амьдарсан эхнэр нөхөрт үйлчилнэ гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна. Нэг жил хамт амьдарсан байсан ч гэр бүл. Олон жил амьдарсан нь ч гэр бүл. Үүнийг нь монголын төр баталгаажуулж гэрчилгээ олгодог шүү дээ. Хамт амьдарсан хугацаа заасан нь нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэрэг болж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ уг асуудалд, "Цэргийн албан хаагчдын тэтгэврийн асуудал нь тусгай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр тусгай зохицуулалтаараа зохицуулагдаад явна. Энгийн нэгэн гэр бүлийн адил эрхээ эдэлнэ. Ямар нэг эрх зүйн зөрчил үүсэхгүй. 15 жил хамт амьдарсан бол хамтын тэтгэвэр авах эрх үүснэ гэсэн нь Үндсэн хууль зөрчихгүй. Ямар нэг асуудалд нийгмийн шаардлага гэж байдаг. Хариуцлага үүрүүлэх, эрсдэл үүсгэхгүй гэх үүднээс хугацаа заасан" гэсэн юм. Гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, байр сууриа ийн илэрхийлсэн. Үдийн цайны цаг болсон тул тус хуулийг батлах эсэх санал хураалтыг үдээс хойш явуулахаар тогтож, чуулган завсарлав.
Б.Туул