Архангай аймгийн долоон суманд баяр наадам зохиохыг тодорхойгүй хугацаагаар хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-14 21:21:12
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гасантай холбогдуулан аймгийн Засаг дарга 5-р сарын 29-ний өдөр захирамж гаргаж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Захирамжаар хорио цэрийн бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоогоод байгаа юм.
Хорио цээрийн дэглэм гаргахаас өмнө тус сумаас малын шилжилт хөдөлгөөн гарч Хашаат, Хотонт, Төвшрүүлэх сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Үүнтэй холбоотойгоор тархалтаас урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох зорилгоор Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт сумдын нутагт хурдан морины уралдаан, баяр наадам, овооны тахилга зохион байгуулах, өөр аймаг, сум руу явж морь уралдуулах зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон аймгийн Засаг даргын захирамж энэ сарын 12-нд гарлаа. Мөн халдварт өвчний хорио цээрийн дэглэм сахиулах хугацаанд отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. 
Б.Гэрэлт-Од
相关新闻