Т.Ган-Эрдэнэ: Цэвэршил сайтай, сайн чанарын бодис урвалжгүйгээр судалгаа хийх боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-20 16:57:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, ШУА-ийн Хими, Химийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй “Research and Development in Chemistry” буюу "Химийн судалгаа ба дэвшил" сэдэвт олон улсын хурал өнөөдөр МУИС-ийн Номын санд эхэллээ.
 
Зургаа дахь жилдээ болж буй уг хуралд Монгол, Япон, Солонгос, ОХУ, БНХАУ, БНТУ-ын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

ШУА-ийн Хими, Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Т.Ган-Эрдэнэ ярихдаа, "Шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ДНБ-ий нэг хувь хүрч байж нийгэмдээ мэдэгдэхүйц үр дүнгээ өгч эхэлдэг гэсэн олон улсын тооцоолол бий. Манай улс шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийхээ 0.12 хувийг зарцуулж байна. Энэ санхүүжилтээ дор хаяж нэг хувьд хүргэвэл улс орны хөгжилд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Химийн шинжлэх ухааны салбар зардал ихтэй. Жижиг грамм бодис, нэг шил сав гэхэд  хэдэн зуун ам.доллар байх жишээтэй. Эхлэн суралцагч, химийн анхны туршилт хийж буй хүүхэд залуус шил сав хагалж, туршилтын ажил нь амжилтгүй болох нь элбэг. Манай улс жилд шинжлэх ухааны салбарт 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнээс 10 гаруй тэрбум төгрөгийг эрдэм судлалын ажилд зарцуулан, 500 орчим төсөл хэрэгжүүлдэг. Энэ нь харьцангуй үр дүнтэй байгаа. Санхүүжилт муу бол шинжлэх ухаан сайн хөгжихгүй. Манай улс санхүүжилтдээ ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа ч хүссэн хэмжээнд хүрээгүй л байна. Химийн салбарын дэд бүтцийг сайжруулахад эхлээд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай. Учир нь бодисыг шинжилж судалж байж л мэднэ. Түүхий эдийг судалж шинжилж  технологи боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Хоёрдугаарт урвалж бодис  зайлшгүй хэрэгтэй. Өндөр, цэвэршил сайтай, сайн чанарын бодис урвалжгүйгээр судалгаа хийх боломжгүй. Урвалж бодисын хольц байлаа гэхэд энэ бодисынх уу, өөр бодисынх уу гэдгийг шинжилнэ. Гуравдугаарт барилга байгууламж, түүнээс гадна зөөлөн дэд бүтэц болох компьютер программ хангамж гээд зөндөө асуудал бий " гэв.
.  
Энэхүү олон улсын хурал энэ сарын 22-ныг хүртэл гурван өдрийн турш үргэлжилнэ. Энэ жил мөн оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд хуралд 12 оюутан илтгэл тавих юм. Шалгарсан оюутан Япон улсад хуралд оролцох эрхтэй болох аж.

 
Ж.Болор

相关新闻