Аврагч гал сөнөөгчид хагас жилд 582 хүний амь насыг галын аюулаас аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-26 14:12:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны эхний 6 сард  буюу хагас жилийн байдлаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2093 удаа гарч, 12,5  тэрбум төгрөгийн хохирол учирч, 44 хүн нас барж, 26 хүн түлэгдэж гэмтэн, 289  толгой мал хорогдож, 912 гэр орон сууц шатсан байна. 
Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 582 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 26 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 4,3 хувиар, учирсан хохирлын хэмжээ 42 хувиар тус тус өссөн байна. Нийслэл хотод нийт 1373  удаагийн гал түймэр гарч, 2,9 ттэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 722  удаагийн гал түймэр гарч, 9,6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.  Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн 12 аймгийн 41 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 32667 га ой, 41143 га хээр, нийт 73810 га талбай түймэрт өртөж, түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 1231 алба хаагч 92 техник, хил хамгаалах, хууль сахиулах байгууллагаас 50 алба хаагч 5 техник, орон нутгаас 1334 иргэн 149 техник хэрэгсэлтэй ажилласан байна. Энэ хугацаанд 11327 байгууллага, аж ахуйн нэгж, 76999  айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 6372  зөрчил дутагдал илрүүлэн, 26834 зөрчлийг  арилгуулжээ. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 104,6 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1250 удаа, дадлага 963 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1176 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Ж.Батсайхан


 

相关新闻