Морин хуур наадамд 300 гаруй мэргэжлийн хуурчид ур чадвараа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-07-02 11:12:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл урлагийн газар, “Дэлхийн морин хуурын холбоо” хамтран зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. 

Энэхүү наадам нь Монголын соёл урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Энэ удаагийн уралдаанд Монголоос гадна Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, ХБНГУ, Францын уран бүтээлчид оролцож байна. Хоёр жил тутам болдог наадмын хүрээнд морин хуур сонирхогчдын болон мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, гадаад оролцогчдын тоглолт, уулзалт-хэлэлцүүлэг, үзэсгэлэн, үдшийн тоглолт болох юм.  
Уг наадмын нийт 6 өдрийн арга хэмжээнд сонирхон хичээллэгчдээс гадна 300 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцож, морин хуурыг дэлхий дахинаа сурталчилж байна.



“Морин хуур хөгжимд зориулсан орчин цагийн бүтээлийн дээжис” тоглолтоор өнгөрсөн бямба гарагт эхэлсэн тус наадам өнөөдөр Гадаадын морин хуурчдын тоглолтоор Улсын Филармонын тайзнаа үргэлжлэх бол сонирхогч суралцагчдын уралдаан энэ сарын 03, 04-нд, Сүхбаатарын талбайд,  энэ сарын 05-нд хамтарсан хаалтын тоглолтоор өндөрлөх юм. 
2008 оноос хойш Морин хуурын олон улсын наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, Франц улсын нийт 600 гаруй морин хуур сонирхогч болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцож байв.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻