Орхон аймагт ЭЕШ-ын дүнгээр 11 сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-02 19:31:45
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Орхон аймгаас 11 сурагч 800 оноо авчээ. Тодруулбал, математикийн шалгалтаас нэг, химийн шалгалтаас нэг, орос, англи хэлний мэдлэгийн түвшингээр 9 сурагч тус бүр хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна.
Төгсөгчдийн онооны жагсаалтыг өнөөдөр /7 сарын 2/ мэдээлж, хуваарь сонголтыг хийнэ. 
Энэ жил улсын их, дээд сургуулийн босго оноо 480, хувийн сургуулийнх 410 байна. Ур чадварын шалгалт өнөөдөр дуусч нийт оноог найман бүлгээр жагсаан хуваарийг маргаашнаас олгох гэнэ. Орхон аймагт дунджаар 2400 хуваарь иржээ. Гэвч “Монголын их, дээд сургуулийн консерциум”-аас олгодог хуваарь сонголт эхлэхээс өмнө төгсөгчид хувийн их, дээд сургуулиас сонголт хийн бичиг, баримтаа хураалгаж байна хэмээн тус консерциумын гишүүн Ө.Ариунтуяа хэллээ. “Монголын их, дээд сургуулийн консерциум”-д төрийн болон хувийн хэвшлийн томоохон сургууль, гадны болон дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хуваарь байдгийг зарим төгсөгч мэдэхгүйгээсээ болж боломжоо алдаж байна хэмээн тэрээр мөн тодотгосон юм.
Дашрамд дурдахад, энэ жил Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль 25 жилийн ойгоо тохиолдуулан Орхон аймгаас бүтэн өнчин хүүхдийг босго оноо нь 400 хүрсэн тохиолдолд дөрвөн жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр сургах гэнэ. Ингэхдээ хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөцийн менежмент, нийгмийн халамж хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, нягтлан бодох бүртгэл гэсэн таван мэргэжлээс сонголтоо хийж болох гэнэ.
 Б.Оюун-Эрдэнэ

相关新闻