Баян-Өлгийчүүд баяраа "Цэвэрхэн наадацгая" уриан дор тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-11 17:43:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгийчүүд Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаа өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Баярын нээлт өнөө өглөө Өлгий хотын төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Баян-Өлгий аймгийн ард түмэн энэ жилийн наадмыг хүн амын тоо 2,5 мянгаар, мал сүргийн тоо 60 мянган толгойгоор өссөн, дотоодын нийт бүтээгдэхүүн 2,6 хувиар нэмэгдэн 310 тэрбум төгрөгт хүрсэн арвин их амжилтаар угтаж байгааг аймгийн Засаг дарга А.Гылымхан баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус аймгийн 73 иргэн наадмын босгонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсаныг уламжлав. Монгол Улсын зөвлөх инженер К.Ермекейд Гавьяат барилгачин цол хүртээснийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар нээлтийн ажиллагааны үеэр гардууллаа.

Баян-Өлгий аймгийн хувьд өнгөрсөн хавар салхи ихтэй, хаваржилт хүндхэн байсан юм. Гэвч наадмын өмнө нийт нутгаар бороо орж, өвөс ногоо тэгширснийг наадамчин олон бэлэгшээж байна. Зохион байгуулах комиссоос энэ жилийн наадмыг "Хандлагаа өрчилье", "Цэвэрхэн наадацгая" уриан доор зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна. Тэрээр төв цэнгэлдэх хүрээлэнд 10 цэгт зөөврийн хогийн цав, хоёр ачааны машин тавьж, Өлгий сумын Хот тохижуулах албаны ажилчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа аж.

Наадмын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр хүчит 256 бөхийн барилдааны эхний таван даваа, шагайн харваа, үндэсний сурын харваа, азарга, даага, шүдлэн, хязаалангийн уралдаан болно. Харин жороо, соёолон, их насны морьдын уралдаан, үндэсний бөхийн барилдааны 6-8-ын даваа маргааш буюу 12-ны өдөр үргэлжлэн явагдах юм.

Ө.Нурболат



 
 

   
 

相关新闻