Баянтэс сумын иргэд эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-17 21:42:33

Завхан/МОНЦАМЭ/. Завханд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад чиглэсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд Баянтэс сумын 1814 иргэн хамрагдахаар сонгогджээ.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой энэхүү төсөлд Завханы Баянтэс сумын 5-65 насны 1814 иргэн  хамрагдахаар сонгогджээ. Төслийн хүрээнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр үзүүлэх юм байна. Тодруулбал зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг Wi-Fi холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, GeneXpert, хурдавчилсан оношлуур зэрэг эрүүл мэндийн мобайл технологийг ашиглан хүргэх ажээ. Мөн төслийн хүрээнд эрүүл мэндийн газрын хоёр мэргэжилтэн, Баянтэс сумын их эмч, сувилагч, лаборант нийт таван хүн найман өдрийн долоон модуль хичээлийн  сургалтад хамрагдсан байна. Эдгээр чадавхижсан эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон эмч нар төслийн зорилтот иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх юм. Тус төслөөс тоног төхөөрөмж, урвалж оношлуурын зардал 24.648.500 төгрөгийн үнэ бүхий  бүтээгдэхүүнийг Завхан аймагт хүлээлгэн өгчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь 2015 оноос эхлэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх үйл явцыг эрчимжүүлэх зорилгоор хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх чадавхийг сайжруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимд тулгуурласан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тиймээс энэхүү туршлага дээр үндэслэн 2018 онд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад чиглэсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн тус бүр нэг суманд, Улаанбаатар хотын Багануур, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн тус бүр нэг хороонд хэрэгжүүлж байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн 

相关新闻