Үерт автагдсан 198 га газарт халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-19 12:03:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын хэмжээнд одоогийн байдлаар 626 га газар үерт автагдсанаас ус тогтсон 198 га талбайн хөрсөнд болон үерт өртсөн бүх айл өрхийн нүхэн жорлон, бохир усны цооног, худагт халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Халдваргүйжүүлэлт хийх талбайн хэмжээ өчигдөр тодорхой болсон тул холбогдох тооцоог хийж, ариутгах бодис татах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаа албаны хүмүүс хэлж байна.

Энэ өдрүүдэд үерт нэрвэгдсэн 778 иргэн түр хорогдох байруудад амьдарч байгаа юм. Тэдний дотроос 3 хүүхдийн гэдэс өвдөж, 15 хүүхдээс ахуйн хэлбэрийн халдварын анхны шинж тэмдгүүд илэрчээ. Иймд түр хорогдох байруудад  иргэдийг ариутгаж оруулах, гар ариутгах бодисоор хангах шаардлагатай байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс мөн анхааруулаад байна.  

Ө.Нурболат

 


相关新闻